Увс аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-08-09 18:03:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Увс аймгийн Сагил сумын төвөөс баруун урд зүгт 24 км зайд 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөв.


Газар хөдлөлт Улаанбаатарын 18.05 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.


Манай улс төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Өнгөрсөн зуунд 7 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөл 20 гаруй удаа болжээ. Магнитуд нь 8 хүрсэн нэн хүчтэй газар хөдлөлт манай оронд 4 удаа бүртгэгдсэн байдаг аж.


Монгол орны нутаг дэвсгэрт 2021 онд 159 396 удаа газар хөдөлсөнөөс хүнд мэдрэгдэх хэмжээний буюу 3.5 түүнээс дээш хүчтэй газар хөдлөл 430, үүнээс хоёр удаа 6 магнитудын хүчтэй газар хөдөлснийг дагасан давтан чичирхийлэл болсоор байгаа. Нийслэл хот орчмын нутаг дэвсгэрт 2021 онд 1123 газар хөдөлсөн бөгөөд 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөл 5 удаа бүртгэгджээ.


Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай. 

Холбоотой мэдээ