СҮХБААТАР: Шинээр дөрвөн гавьяат тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-07-28 21:43:26

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн босгон дээр тус аймгаас шинээр дөрвөн гавьяат тодорлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зураач Ё.Бадарчид Монгол Улсын урлагийн гаьяат зүтгэлтэн, ахмад багш Г.Энх-Оюунд гавьяат багш, Монгол Улсын хошой аварга малчин, УАУ Р.Мөнхтөрд гавьяат малчин, төмрийн дархан П.Эрдэнэцогтод аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдгийг гардуулав.

 

1971 оноос төмрийн дархнаар ажиллаж, эзэмшсэн мэргэжлээрээ 50 гаруй жил ажиллаж яваа П.Эрдэнэцогт нь төмөр эдлэлийн өрхийн үйлдвэрлэл явуулж, 25 нэр төрлийн бүтээгдэхүүнийг ард иргэдийн хэрэгцээнд нийлүүлж байна. Мөн зорилтот бүлгийн 10 гаруй залууд мэргэжлээ өвлүүлж, төмөр эдлэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж байна.

Уран бүтээлийнхээ гарааг1973 оноос эхэлсэн Ё.Бадарч 1980-аад оноос ардын уран зураг, гар урлал, Дарьганга хийцийн чиглэлээр эрдэм шинжилгээний өгүүлэл 10 гаруйг бичиж хэвлүүлсэн бөгөөд 2003 оноос чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна.

Г.Энх-Оюун нь боловсролын байгууллагад 39 жил, үүнээс цэцэрлэгийн эрхлэгчээр хамгийн удаан буюу 32 жил ажиллаж, бага насны хүүхдийг сургаж хөгжүүлэх багш, ажилтан, албан хаагчдыг дадлагажуулах хүндтэй үйлсэд өөрийн бие сэтгэлээ зориулсан нэгэн билээ. Харин Р.Мөнхтөр нь МАА-н салбарт 40 гаруй жил ажилласан, мал маллах арга туршлагаа залуучууддаа зааж сургаж яваа, хөдөлмөрч малчин юм.

 

Мөн энэ өдөр боловсрол, эрүүл мэнд, ХАА, МАА, дэд бүтэц, шинжлэх ухаан, төрийн байгууллага зэрэг салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдийг Монгол Улсын ерөнхийлөчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагналаа.

Холбоотой мэдээ