“Прокурорын албаны өдөр”-ийн нэрэмжит тэмцээнийг жил бүр зохионо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-08-11 15:57:08

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас наймдугаар сарын 14-нд тэмдэглэдэг “Прокурорын албаны өдөр”-ийг тохиолдуулан тус аймгийн хууль, хүчний байгууллагуудын дунд нэрэмжит тэмцээн зохион  байгууллаа.

Тэмцээнд нийт найман байгууллагын долоон баг оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс ШШГЕГ-ын харьяа хорих 435 дугаар анги, аймгийн Прокурорын газар, Давж Заалдах шатны шүүх болон Шүүхийн шинжилгээний албаны хамтарсан багууд эхний гурван байр эзэлж өргөмжлөл, медаль, мөнгөн шагналын эзэн болов. Уг тэмцээнийг цаашид  жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар болжээ.

Аймгийн Прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөх П.Мөнхзул:-“Дархан-Уул аймгийн Прокурорын газар нь анх 1962 онд буюу Дархан хотын засаг захиргаа, олон нийт үйлдвэр аж ахуй, соёл үйлчилгээний төвлөрсөн газрууд бий болох үед хотын прокурорын газрыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 424 дүгээр тогтоолоор байгуулсан түүхтэй. Улмаар төмөр замын Дархан Зангилааны 8 тоот чулуун байшинд хотын прокурор, мөрдөн байцаагч, зарлага-үйлчлэгч зэрэг орон тоотойгоор ажлаа явуулж эхэлсэн байдаг. Одоо аймгийн Прокурорын газар нь албаны шинэ байртай болж 28 прокурор, ажилтантайгаар хууль сахиулах, хүний эрхийг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох, Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байна. 1992 онд шинэчлэн батлагдсан Монгол улсын Үндсэн хуулиар прокурорын байгууллагын гүйцэтгэх чиг үүргийг нэн тодорхой зааглаж Шүүх эрх мэдлийн хүрээнд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцож байх хариуцлага ногдуулсан нь уг чанартаа Монгол улсад хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хамгаалахад чиглэсэн. Бид ажлын арвин туршлагатай, мэргэшсэн хамт олон болж төлөвшсөн нь нийгмийн өмнө хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж чадварлаг, хариуцлагатай, бие даасан, хараат бусаар ажиллахын баталгаа гэж үзэж байна. Ингээд аймгийнхаа Прокурорын байгууллагад ажиллаж байсан үе, үеийн ахмадууд болон одоо ажиллаж байгаа прокурор, ажилтнууд, тэдний гэр бүлийнхэн, хамтран ажилладаг байгууллагууддаа “Прокурорын албаны өдөр”-ийн баярын мэндийг хүргэж эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ