Төрийн ордны зарим хэсгийг иргэдэд НЭЭЛТТЭЙ болгох тогтоолын төслийг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай” тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив.
Уг тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Цогтбаатар нар өргөн мэдүүлсэн юм. Монгол Улсын Их Хурлаас 2001 оны 2 дугаар сарын 1-нд баталсан Монгол Улсын Төрийн ордны тухай хуулиар Төрийн ордны эрх зүйн байдал, түүний хамгаалалт, үйлчилгээг зохицуулдаг бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг Монгол Улсын Их Хурал тогтооно.” гэж заасан. Төрийн ордны нутаг дэвсгэрт ордноос зүүн, баруун зүгт тус бүр 33 метр, урд хойд зүгт тус бүр 80 метр хүртэлх орчинг оруулан тооцдог. Үүнд Төрийн ордны урд зүгт байрладаг гурван тугны суурь хүртэлх зай, Төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэн буюу “Ардын хувьсгалын талбай” хамрагдаж байгаа юм.
Төсөлд Төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнг иргэд, олон нийтэд нээлттэй болгох тухай, УИХ-ын үйл ажиллагааг иргэдэд сурталчлан таниулах, ил тод, нээлттэй болгох зорилгын хүрээнд УИХ-ын гишүүнтэй уулзах, УИХ-ын үйл ажиллагаатай танилцахаар ирсэн иргэд Төрийн ордонд нэвтрэхэд энгийн хувцаслалтыг зөвшөөрөхөөр тусгажээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, “Төрийн ордны 1951 онд барьсан хэсэг модон хийцтэй. Төрийн ордны зарим хэсэгт цууралт үүссэн бөгөөд хүчтэй газар хөдлөлтөд нурж, хүний амь нас эрсдэх эрсдэлтэй гэсэн мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт бий. Энэ ордонд УИХ-аас гадна Ерөнхийлөгч, ЕТГ, Засгийн газар байрладаг. Багтаамж нь хүрэлцэхээ больсон. Цаашдаа энэ нөхцөл байдлыг харгалзан үзэх хэрэгтэй” хэмээв.
Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 51.2 хувь дэмжиж, тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.