Дилма Руссеффыг дэмжигчид болон эсэргүүцэгчид Бразил даяар жагсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-08-01 14:47:49

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /ВВС/. Риогийн Олимпын наадам эхлэхэд долоо хүрэхгүй хоног үлдээд байгаа энэ үед албан тушаалаасаа түр түдгэлзэхэд хүрээд байгаа Бразилын Ерөнхийлөгч Дилма Руссеффыг түлхэн унагаахыг шаардагчид болон түүнийг дэмжигчид улс орон даяар жагсаал хийжээ.

Төсвийн мөнгийг зориулалт бусаар ашигласан хэрэгт орооцолдсон Дилма Руссеффт итгэл үзүүлэх эсэх  асуудлаар Бразилын сенат өнгөрсөн 5 дугаар сард санал хураалт явуулсан бөгөөд түүнийг олонхын саналаар албан тушаалаас нь түдгэлзүүлсэн билээ.

Түүнийг албан тушаалаас нь бүрэн огцруулах эсэх асуудлаарх шүүх хурал Риогийн Олимпын наадмын дараа болно.

Өнгөрсөн амралтын өдөр түүнийг дэмжигчид болон эсэргүүцэгчид наад зах нь 10 мужид жагсаал хийжээ.

Тухайлбал, Рио-де-Жанейрогийн Копакабанагийн эрэгт хэдэн зуун хүн цуглан Руссеффыг түлхэн унагаахыг шаардан “Бразилд авилга газар авсанд Дилма Руссефф буруутай” гэж хашгирч байжээ. Энэ эрэгт Олимпын гар бөмбөгийн тэмцээн болох юм.

Олимпын наадмын нээлтийн ёслолтой давхцуулан энэ долоо хоногийн баасан гарагт Олимпыг эсэргүүцэгчид Рио-де-Жанейро хотод жагсаал хийхээр төлөвлөж байна. Мөн өдөр Копакабанагийн эрэгт эсэргүүцлийн жагсаал хийхээр төлөвлөжээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ