Шарын гол сум жил бүр 100.000 мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-04-12 16:47:37

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Шарын голынхон арван жилийн хугацаанд нэг сая мод тарьж ургуулах төлөвлөгөө гаргажээ.

Ингэхдээ жил бүр 100.000 мод тарьж, арчлан ургуулах аж. Газар нутгийн хэмжээ бага ч уул, уурхайн эвдэгдсэн талбай болон ашиглаад дууссан, нөхөн сэргээлт хийсэн талбайд ААНБ-ууд мод тарина. Төрийн таван байгууллага тус суманд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд жил бүр таван мянган мод тарих төлөвлөгөөг гаргажээ. Харин хувийн хэвшлийн ААНБ-ууд өөрсдийн эзэмшлийн талбайд таван мянган мод тарих үүрэг өгчээ. Сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, арчлах ажилд ОНХС-гийн хөрөнгөөс 53 сая төгрөгийг төсөвлөсөн бөгөөд 40 сая төгрөгийг ногоон байгууламжид зарцуулах бол 13 сая төгрөгөөр модны тарьц, суулгац авах аж.

Сумын иргэдэдээ жимсний мод тарих уриалгыг дэвшүүлсэн бөгөөд айл бүр хашаандаа жимсний мод тариалж эрүүл, эко жимс, жимсгэнэ хүнсэндээ хэрэглэх боломжийг бий болгох ажээ. Тиймээс мод тарих нь чухал хэдий ч түүнийг арчилж хамгаалах, ургуулах нь түүнээс илүү чухал гэдгийг тус сумын засаг дарга Б.Лхамсүрэн онцолж байлаа.

Энэ жил тус сумын түүхт 60 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд хийх олон ажил бий. Онцлох ажлын нэг нь үндэсний хөдөлгөөний хүрээнд хийж буй мод тарих, сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, өмнө нь  хийсэн  ногоон байгууламжийг арчилж хамгаалах ажил ирэх сараас эхлэх ажээ.

Энэ жилийн тухайд иргэн, ААНБ-ууд зөвхөн хашаандаа мод тарих юм. Учир нь модны амьдрах чадварыг нэмэгдүүлэх, арчлалт хийх, мал, бусад хүчин зүйлээс шалтгаалан гэмтэхээс урьдчилан сэргийлж байгаа аж. Ирэх жилээс хашаажуулалтыг асуудлыг шийдэж чадвал тодорхой заасан газруудад мод тарихаар төлөвлөжээ. Мөн “Нэг төрийн албан хаагч-Нэг мод арчлах” санаачилгыг дэвшүүлж, тарьсан мод бүрээ хайрлан хамгаалж ургуулах ажээ.

Холбоотой мэдээ