Томоохон корпорациудын нөлөөнд орсон гэж Х.Клинтоныг шүүмжлэв

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2016-07-30 11:31:52

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн тэрбумтан Дональд Трамп хэлэхдээ “АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон Америкийн томоохон корпорациудын атганд орсон учраас улс орныг удирдаж чадахгүй” гэж шүүмжилжээ.

Ардчилсан намын их хурлын үеэр Х.Клинтоны хэлсэн үгийг тэрбээр тайлбарлахдаа “Уолл-Стритийг Клинтон хэзээ ч өөрчлөн шинэчилж чадахгүй” гэсэн байна. Шийдвэр гаргах чадвар хамгийн муутай хүн бол Х.Клинтон гэж Трамп шүүмжлээд “авлига болон ядуурлыг тэрбээр араасаа дагуулах болно” гэжээ. 

Ойрхи Дорнодод Хилларигийн дэгдээсэн дайн нь эвдрэл сүйрлийг дагуулан, терроризмыг бий болгож, “Лалын улс”-ын нөлөө газар авахад хүргэсэн гэдгийг Трамп сануулан дурдсан байна.

Х.Клинтон илтгэл тавих болон үг хэлэхдээ “лалын шашны хэт давруу үзэл” /radical islam/ гэдэг хэллэгийг огт хэрэглэхгүй байгааг Трамп анзаарчээ. “Бидний амьдралын хэв маягт энэ радикал үзэл санаа аюул занал учруулсаар байгаа билээ. Гэтэл Клинтон энэ үгийг хэлэхээс  зайлсхийж байна” гэж тэрбээр шүүмжлэлээ.   

Д.Трамп цааш нь хэлэхдээ “АНУ-д ирж буй дүрвэгсдийн тоог 550 хувиар нэмэгдүүлэх сонирхол Х.Клинтонд бий,  үүний сацуу тэрбээр лалын шашны хэт давруу үзлийн талаар огтхон ч дурсахгүй байгаа зэрэг нь энэ эмэгтэй улс орныг удирдахад бэлэн биш байгааг харуулж байна” гэжээ.

Д.Нямтулга 

Холбоотой мэдээ