ХААИС-тай хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-03-14 12:36:42

Дорноговь /МОНЦАМЭ/. Замын-Үүд сумын ЗДТГ-аас Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.

Санамж бичгийн хүрээнд талууд Хөдөө аж ахуйн их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиуд болон түүний харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд хэрэгжүүлж буй олон улсын болон дотоодын төсөл хөтөлбөр, инновац, технологийг сумын онцлогт тохируулан нэвтрүүлэх, байгаль орчин, хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжилтэн, сургагч багш бэлтгэж сум орон нутагт ирж ажиллах нөхцөл бололцоогоор хангаж ажиллахаар боллоо.

Мөн Замын-Үүд сумын ногоон байгууламжийн хэтийн төлөвлөгөө, ландшафтын ерөнхий төлөвлөлтийг хамтран боловсруулах, Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудад “Ногоон байгууламж”-ийн чиглэлээр мэргэжил арга зүйн сургалт зохион байгуулах, мэдээлэл өгөх, хувийн хэвшлүүдийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах аж.

Ташрамд дурдахад, НҮБ-ын санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол орны хуурай бүс нутгаас үүдэлтэй элсэн ба шороон шуурганаас хамгаалах, нөлөөллийг бууруулах” төсөл Замын-Үүдэд хэрэгжиж байна.

Эл төсөл 2020 оноос гурван жилийн хугацаатай хэрэгжиж эхэлсэн бөгөөд орон нутгийн ойн ангийг чадавхжуулах замаар байгаль орчны чиглэлийн үйл ажиллагааг явуулж байна.

Холбоотой мэдээ