Сэлэнгээс хоёр сэтгүүлч сургагч багшаар бэлтгэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-07-26 15:40:40

Энэ сарын 21-26-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж  буй сургагч багш бэлтгэх сургалтанд Сэлэнгэ аймгийн хоёр сэтгүүлч оролцож байна.   

“Тогтвортой хөгжил, тогтвортой хөгжлийн боловсрол, ногоон хөгжил”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй уг сургалтын Төслийн хэрэгжүүлэгчээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/, Упсала их сургуль /UU/, Боловсролын олон улсын хамтын ажиллагааны хүрээлэн хамтран ажиллаж байгаа ажээ. Оролцогчид сургагч багшаар бэлтгэж байгаагаараа онцлогтой бөгөөд 21 аймгийн 30 сэтгүүлч хамрагдаж байгаа гэнэ. Энэхүү сургалтанд Сэлэнгэ аймгаас “Таны Сэлэнгэ” телевизийн сэтгүүлч Б.Энэрэл, “Сэлэнгийн мэдээ” сонины сэтгүүлч Г.Эрдэнэбаатар нар төлөөлөн оролцож сургагч багшийн үнэмлэх гардах юм.

Төслийн үндсэн зорилго нь тогтвортой хөгжлийн боловсролыг Монгол улсын ЕБС-ийн системд нэвтрүүлж, тогтвортой хөгжил ба ногоон хөгжлийн таатай орчинг бүрдүүлэхэд орших юм байна. Иймээс олон нийтийн мэдлэг, ойлголт, нэгдмэл санаа нь тогтвортой хөгжилд хүргэх чухал хүчин зүйл хэмээн үзэж байгаа аж. Ийм учраас хамгийн түрүүнд орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудыг хамруулж, сургагч багшаар бэлтгэж байгаа ажээ. Тэд өнөөдөр сургагч багшийн үнэмлэхээ гардан авах бөгөөд ирэх 8-р сарын 20-ны өдрөөс эхлэн орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, төрийн захиргааны ажилчид, ЕБС-ийн багш нарт сургалтаа хийх юм байна.

 Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ