Монгол, Канадын харилцаа шинэ шатанд гарсныг тэмдэглэв

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2015-10-02 12:30:27

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы хуралдаанд оролцож буй Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Канадын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагаа болон франкофоны асуудал эрхэлсэн сайд Кристиан Паради-тай 9 дүгээр сарын 29-нд уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарсныг тэмдэглээд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд харж, зөвхөн уул уурхайгаар хязгаарлалгүй бусад салбарын хамтын ажиллагааг хөхиүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрбээр цааш нь хэлэхдээ хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол, Канадын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулах ажил төгсгөлийн шатандаа орсон хэмээгээд Канадын сайдтай хэлэлцээрт гарын үсэг зурах асуудлаар санал солилцов.

Ноён К.Паради Хөгжлийн албан ёсны тусламж авах онцгойлох орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулсан шийдвэр нь хоёр талын харилцаанд чухал ач холбогдолтойг тэмдэглээд албан ёсны хөгжлийн тусламжийн хүрээнд хэд хэдэн төсөл хэрэгжүүлэх шийдвэр гарсныг мэдэгдэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд