“Улсын аварга саальчин” цолоор зургаан эмэгтэй шалгарсны нэг нь Архангайн Ц.Дулмаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-03-02 11:59:51
Архангай /МОНЦАМЭ/. Энэ жил улсын хэмжээнд “Улсын аварга саальчин” цолоор зургаан эмэгтэй шалгарсны нэг нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн саальчин Цэвэлдоржийн Дулмаа юм.
1975 онд наймдугаар анги төгссөн цагаасаа хойш мал аж ахуйн салбарт 47 жил ажиллаж буй Ц.Дулмаа гуай анх 18 үнээнээс 19 тугал бойжуулж 1982 онд анх сумын аварга төлчин, дараа нь 19 үнээнээс 21 тугал бойжуулж сумын хошой аварга төлчин болж байжээ. Улмаар 2020 онд аймгийн аварга саальчин болсон хүн юм.
“Манайд нэг бор халзан үнээ байсан. 10 жил ихэр тугал гаргаж өгсөн, үнэхээр буянтай сайхан мал шүү. Үнээ ихэрлэнэ гэдэг богтой харьцуулахад ховор тохиолдол. Ихэр төл эзнээ баясгана гэдэг чинь энэ шүү дээ. Хуучин нийгмийн үед үхэрчин хүн үхрээ өдөр тутам хариулдаг байсан учраас төлийн хорогдол бага байсан. Тэр үеэс их зүйлд суралцсан. Дээр үед бол зун, намрын нормт хугацаанд сарлагийн 1 үнээнээс 450 литр сүү саадаг байсан. Энэ бол миний сумын аварга болсон амжилт. Түүнээс хойш яг 40 жилийн дараа Улсын аварга боллоо. Үнэхээр баяртай байна” хэмээн Ц.Дулмаа гуай ярилаа.
Архангай аймаг цагаан идээгээрээ алдартай. Аймаг, сумынхаа нэрийг сайн, сайхнаар нь хадгалахын төлөө цагаа идээгээ хийдэг. Ашиг орлого бодож хийвэл сайхан идээ гарахгүй. Тиймээс цагаан идээ хийхдээ үнээ малынхаа сүүг цэвэрхэн сааж, шүүж, бүрэн гүйцэд боловсруулж, сэтгэлээ гаргаж хийх хэрэгтэй хэмээн залуу малчдадаа захив. Ц.Дулмаа гуайн ширгээмэлтэй ааруул нутаг орондоо алдартай болжээ. Аарцыг бяслагтай хольж нухуурдан ширгээмлийг хийдэг байна.
Холбоотой мэдээ