Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Бодоогийн хөшөөнд цэцэг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-03-01 20:50:15
Төв /МОНЦАМЭ/ Эх орончдын өдрийг тохиолдуулан төр нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Бодоогийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэн Төв аймгийн удирдлагууд цэцэг өргөлөө.
Догсомын Бодоо нь 1885 онд Мандшир хутагтын шавь Дэндэвийн отогт буюу одоогийн Төв аймгийн Сэргэлэн суманд төржээ. Их Хүрээн дэх Монгол хэл бичгийн сургуульд суралцаж, Шавийн яаманд бичээч хийж байсан. Хаант Орос улсын консулын дэргэдэх орчуулагч хэлмэрчдийн сургуульд багшаар ажиллаж, ЗХУ-ын залуу дипломатуудтай ойр холбоотой байсан байна. Д.Бодоо монгол, төвөд, манж, хятад хэл бичгийн боловсролтой тэргүүний сэхээтэн хүн байжээ. Тэрээр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхий сайд, Консулын дэнжийн нууц бүлгийн үндэслэн байгуулагч, Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, Монголын төрийн нэрт зүтгэлтэн хүн байсан юм. 1922 оны 8-р сарын 31-нд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн цаазаар авахуулсан байна.


Холбоотой мэдээ