Б.Баттөмөр: Хөгжлийн банканд 21 аж ахуйн нэгж 48.9 тэрбум төгрөгийн зээл төлөөд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-02-23 12:00:50
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөгжлийн банкнаас олгосон 47 чанаргүй зээлийн дүн 3.2 их наяд төгрөгийн дүн гараад буйг тус банкны асуудлыг шалгасан Засгийн газар, Монголбанк, аудитын тайлан, зөвлөмжтэй танилцах үүрэг бүхий ажлын багаас өнөөдөр мэдээлэв. 


УИХ-ын даргын захирамжаар энэ оны нэгдүгээр сарын 31-нд тус ажлын багийг байгуулсан юм. Ажлын баг өнгөрсөн хугацаанд ажиллахдаа, 800 гаруй хуудас материал цугласан бөгөөд урьдчилсан дүгнэлтүүд гарч буйг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр мэдээллийн эхэнд тодотгов. Зээлийн эх үүсвэрийн 68.9 хувь нь буюу нэг их наяд 874 тэрбум төгрөгийг Засгийн газрын баталгаагүй олгосон. Харин 31 нь буюу 840 тэрбум төгрөгийг баталгаатай олгосон байгааг дуулгав. 


Тус банкны зээлийг 2021 оноос эхэлж олгож эхэлсэн бөгөөд 2021 оныг хүртэл 7.4 их наяд төгрөгийн зээл олгосноос, 3.2 их наяд төгрөгийн зээл нь чанаргүй зээл болжээ. Харин 1.2 их наяд төгрөгийн зээлийг нь чанартай зээл гэж ажлын баг үзжээ. 


Манай улс 2023 оны дөрөвдүээр сард БНХАУ-ын Хөгжлийн банкны 63 тэрбум, мөн оны 10 дугаар сард 1.6 их наяд ам.долларын өр төлнө. Мөн оны 12 дугаар сард Японы Хөгжлийн банкны Самурай бондын эргэн төлөлтийг хийх болоод байгаа нь Засгийн газарт хүнд ачаалал нэмэх төлөвтэй байгааг учирлав. 

Өнөөдрийн байдлаар, Хөгжлийн Банкны эрсдэлийн сан 585 тэрбум төгрөг байсныг 1.3 их наяд төгрөг болгож нэмэгдүүлсэн байна. Хөгжлийн банкнаас зээл авсан аж ахуйн нэгжүүдийн 52 нь зориулалтын дагуу, 20 нь зориулалтын бусаар зарцуулжээ.

Зээлийг зориулалтаар нь ангилбал, боловсруулах үйлдвэрт, 25 хувь нь барилгын салбарт, 12 хувь нь уул уурхайн салбарт бусад нь цахилгаан тээвэр, агуулах, санхүү болон даатгалын үйлчилгээнд хамаарч байгаа аж. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, "Нийт 797.8 тэрбум төгрөгийн зээл нэг жил хүртэлх хугацаа хэтэрсэн. Харин 1-2 жилийн хугацаа хэтэрсэн 462 тэрбум төгрөг, 2-3 жилийн хугацаа хэтэрсэн 482 тэрбум төгрөг, 3 жилээс дээш хугацаа хэтэрсэн 1.1 их наяд төгрөгийн зээл байгаа юм. Хэвийн зээлтэй  20 аж ахуйн нэгж байна. Тэгвэл анхаарал хундуулж буй таван зээл бий. Тодруулбал, Эрдэнэс Монгол, Эрчим хүчний яам, Ганхүдэр, Монгол Эм Импекс зэрэг байгууллагын зээлд анхаарал хандуулж байна.  Өнөөдрийн байдлаар 21 аж ахуйн нэгж 48.9 тэрбум төгрөг төлсөн. Амжилттай хэрэгжиж байгаа найман төсөл бий. Шалгалтын ажил үргэлжилж байна" хэмээв.

Ойрын хугацаанд тус банкны эрх зүйн зохицуулалтын сайжруулах, бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх шаардлагатай гэж үзжээ. Мөн 61 зээлдэгчид хамаарах төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг нэг бүрчлэн тулгаж, тоо баримт, барилга, тоног төхөөрөмжийг шалгах шаардлага үүсэж буйг тэмдэглэлээ.

Ажлын багийг УИХ-ын хянан шалгах түр хороо болгон өргөжүүлэх саналаа УИХ-ын хаврын ээлжит чуулган ирэх сарын 15-нд эхлэх үед танилцуулж, Хөгжлийн Банкны асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах санал гаргана гэдгээ дуулгав.

Холбоотой мэдээ