Хятад улс "J-20" сөнөөгч онгоцоо шинэ хөдөлгүүрээр тоноглоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-01-20 15:41:08

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Хятад улс тав дахь үеийн “J-20” сөнөөгч онгоцуудаа дотооддоо үйлдвэрлэсэн “Xian WS-15” хөдөлгүүрээр энэ онд тоноглож эхлэх төлөвтэй байна гэж “South China Morning Post” сонин мэдээлжээ


Хятадын Ардын Чөлөөлөх Армид (ХАЧА) ойр эх сурвалж тус сонинд мэдээлснээр, “шалгалтын ажил дууссаны дараа сөнөөгч онгоцуудын хөдөлгүүрийг “WS-15”-аар солих аж".


Шинэ хөдөлгүүр нь радарт үл үзэгдэгч уг сөнөөгч онгоцуудын маневрлах чадварыг эрс сайжруулж, Америкийн “F-22 Raptor” сөнөөгч онгоцынхтой ойртуулна гэж сонинд онцлон тэмдэглэжээ.


Хятадын мэргэжилтнүүд “Xian WS-15” хөдөлгүүрийг хорь орчим жил хөгжүүлж ирсэн боловч технологийн хэд хэдэн асуудлыг шийдэж, шаардлагатай стандартад хүргэж чадахгүй байсантай холбоотойгоор ажил удааширсан байна.


“J-20” сөнөөгч онгоцуудыг 2017 онд ХАЧА-ийн Агаарын цэргийн хүчний зэвсэглэлд албан ёсоор хүлээж авчээ. Чэнду хот дахь нисэхийн аж үйлдвэрийн корпорацид бүтээсэн энэхүү сөнөөгч онгоцыг Оросын "АЛ-31Ф" хөдөлгүүрээр тоноглож байсан бөгөөд харин дараа нь Хятадын "WS-10" хөдөлгүүрийн илүү шинэчлэн сайжруулсан хувилбар болох “WS-10C” хөдөлгүүрийг суурилуулжээ.


Сонинд мэдээлж буйгаар, Хятад улс ийм төрлийн сөнөөгч онгоцныхоо тоог дор хаяж 200-д хүргэхээр төлөвлөж байна.


Холбоотой мэдээ