100 орчим сумын сургуулийн интернэт, компьютерын асуудлыг шийднэ

Монголын мэдээ | Боловсрол
khandmaa@montsame.gov.mn
2022-01-08 16:25:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад нэг компьютерт 23 хүүхэд ногдож байна. Энэ жилийн хувьд 3 тэрбум төгрөгийн төсөвтөө тааруулаад 670 сургуулийн шилэн кабелийг шинэчилж, интернэтийн хурдыг 3 дахин нэмэгдүүлсэн тухай Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдэгджээ.


Олон улсад боловсролын салбарын гол үзүүлэлтийг нэг хүүхдэд ногдож буй компьютероор тооцдог байна. Энэ үзүүлэлтээр Монгол Улс нэлээд хойгуур байгаа аж.


“Багш нарыг компьютержүүлэхгүйгээр цахим сургалтын чанарын асуудлыг ярих боломжгүй. Улсын хэмжээнд 33 мянган багшийг компьютержүүлэхэд 140-160 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай тул энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ авна” хэмээн УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаан дээр сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгахад нэн түрүүнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар гишүүдийн асуусан асуултад хариулахдаа БШУ-ны сайд мэдэгдээд "Хувьсах зардлын аргачлалыг өөрчилсөн тул энэ хүрээнд багш нарын өөрсдийн мөнгөөр хичээлд зарцуулсан хэрэгсэл, дата, интернэтийн зардлыг олгох, компьютерын танхимгүй байгаа сургуулийн асуудлыг шийдвэрлэнэ. Одоогоор нэн яаралтай 100 орчим сумын сургуулийн интернэт, компьютерын асуудлыг хувьсах зардлын аргачлалаар шийднэ гэж хэлжээ.


Ташрамд дурдахад, Боловсролын үнэлгээний төвөөс сурагчдын хоцрогдлын нөхцөл байдлыг тодруулах зорилгоор оношлох үнэлгээг 2021 оны 9 дүгээр сард, сургуульд суурилсан үнэлгээг 2021 оны 10 дугаар сард тус тус зохион байгуулсан байна. Энэ үнэлгээгээр бага боловсролын сурагчийн сурлагын түвшин  50.3 хувь, суурь боловсрол 36.4 хувь, бүрэн дунд 36 хувьтай байна. Тэд эзэмших мэдлэг, чадварынхаа дөнгөж 40-50 хүрэхгүй хувийг эзэмшсэн гэсэн судалгааны дүн харуулсан байна. 


Мэдээллийн дэлгэрэнгүйг https://montsame.mn/mn/read/286286 -ээс танилцана уу.

Холбоотой мэдээ