Гавъяатуудаа “Хүндэт дэвтэр”-т бичиж алдаршуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-07-19 01:56:00

Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жил, Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойг тохиолдуулж энэ сарын 18-нд аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд нар тус аймгаас төрсөн зарим гавьяатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлж аймгийн “Хүндэт дэвтэр”-т бичиж алдаршуулав.

Аймгийн Засаг даргын захирамж гарч Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ө.Рагчаасүрэн, Гавьяат багш С.Эрдэнэчулуун, С.Жамъянхорол, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан С.Ганжууржав, Гавьяат эмч Т.Анигар, Гавьяат дасгалжуулагч, самбо, жу-до бөхийн Олон улсын хэмжээний мастер, 1982 оны самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга Н.Батлав, Гавьяат тамирчин, Олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат, Гавьяат дасгалжуулагч, чөлөөт бөхийн спортын мастер Ц.Баярсайхан, Залуучуудын өвлийн хоёрдугаар олимпийн гүйлтийн тэшүүрийн холимог багийн төрлийн алтан медальт, олимпийн аварга Б.Сумъяа нарын есөн хүнийг аймаг орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зүтгэлийг нь үнэлж аймгийн “Хүндэт дэвтэр”-т бичиж алдаршуулсан юм. Тус
“Хүндэт дэвтэр”-ийг 1963 оноос эхлэн хөтөлж Дархан хотынхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж гавьяа байгуулсан эрхэм хүмүүсээ алдаршуулдаг уламжлалтай. Гэвч сүүлийн 11 жил уг дэвтрийг хөтлөлгүй орхигдуулсныг аймгийн Засаг дарга А.Энхболд эргэж сэргээсэн юм. Уг дэвтрийг сэргээснээр ахмадуудынхаа гавьяаг хойч үедээ үлгэр дууриал болгож тэдний алдрыг мөнхлөх ач холбогдолтой.
Энэ үеэр гавьяатуудад баяр хүргэж “Нарны хүүхдүүд” чуулгын авьяаслаг сурагчид “Алтайн магтаал”, “Үлэмжийн чанар” зэрэг уран бүтээлийнхээ дээжсээс өргөн барилаа.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ