Өвөрхангай аймгийн удирдлагууд шинэчлэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-07-15 13:56:15

Өвөрхангай аймгийн ИТХ-д шинээр сонгогдсон Төлөөлөгчдийн хүндэтгэлийн хурал өргөн бүрэлдэхүүнтэй боллоо.

Тус хуралд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд, хэлтэс, албадын дарга нар, сумдын удирдлагууд оролцов. Хуралдаанаар шинээр сонгогдсон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, Хуралдааны дэг батлах тухай, ИТХ-ын даргыг сонгох тухай асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

Хурлыг нээж  ИТХ-ын дарга Г.Ганболд  үг хэлэхдээ "Аймаг, орон нутгаа олон жил удирдаж УИХ-ын гишүүн гэх эрхэм хүндтэй төрийн албанд ард иргэдийнхээ итгэлийг хүлээн сонгогдсон Д.Тогтохсүрэнд Өвөрхангай аймгийн нийт иргэдийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдынх нь ажилд өндөр амжилт хүсэн ерөөе. Өнгөрсөн 4 жилд улс орны эдийн засгийн байдал хүндэрсэн хэцүүхэн он жилүүд байсан ч манай аймгийн хувьд хамгийн оновчтой зөв удирдлагаар хангаж ажилласны үр дүнд эдийн засгийн өсөлтийг үр өгөөжтэй хийж чадсан аймгуудын нэг байв. Тухайлбал аймгийн эдийн засгийн өсөлтийг 2012 онтой харьцуулахад 2015 оны  жилийн эцсийн гүйцэтгэлээр 3.5 дахин өссөн томоохон үзүүлэлт гарсан. Мөн манай аймаг дэд бүтэц болоод бусад бүтээн байгуулалтын ажлаар улсдаа тэргүүлсэн. Энэ бол өнгөрөгч 4 жилд аймгийн бүхий л салбарт хамтран ажилласан ИТХ-ын Төлөөлөгчид, төрийн алба хаагчид, бизнес эрхлэгчид, ард иргэдийн хамтын ажиллагааны үр дүн юм” гэв.

Мөн УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хэлсэн үгэндээ "Хэдий эдийн засгийн хямралтай байсан ч бид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа хийж чадлаа. Ингэж ажиллахад аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид болон манай багийн ажлыг дэмжиж, тусалж, хамтарч, хурцалж, шүүмжилж ажилласан та бүхэнд талархал илэрхийлье. Аливаа асуудалд ажил хэрэгчээр хандаж, асуудлын голыг нь олох гэж  нөөц бололцооныхоо хүрээнд ажиллах гэж манай төлөөлөгчид нэлээд чамгүй чармайж ажиллалаа. 

Цаашдаа УИХ-д ажиллах явцад орон нутгийн ялангуяа  сумын санхүүгийн, боловсон хүчний, байгаль орчны чиглэлийн эрх мэдлийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий. Би хэдий УИХ-ын 20 дугаар тойргоос сонгогдсон ч Өвөрхангай аймгийн удирдлагаар 16 жил ажилласны хувьд тойрог гэж явцуурч ажиллахгүй. Өвөрхангай аймгийнхаа бүх сумдад бололцооныхоо хэрээр дэмжиж, тусалж ажиллана. Хүний өөрийн нам гэдэг ойлголт байхгүй. Бүх дарга нартай жигд ажиллана. Орон нутагт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах болно” гэсэн юм.

Хуралдаанаар аймгийн ИТХ-ын даргад Арвайхээр сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч А.Ишдоржийг, аймгийн Засаг даргаар аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболдын нэрийг тус тус дэвшүүлж олонхийн саналаар сонгогдлоо.

Өвөрхангай Б.Батчимэг

 

 

Холбоотой мэдээ