Зураач, урчуудын шилдэг бүтээлээр үзэсгэлэн дэлгэлээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-12-06 17:44:59

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн зураач, урчуудын “Бидний урлахуй - 2021” шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэнгийн нээлт боллоо.

Аймгийн ЗДТГ, Соёлын хэлтэс, Урчуудын хороо хамтран энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байна. 

Нутагтаа амьдарч байгаа уран бүтээлчдийн шилдэг бүтээлүүдийг сурталчлан таниулах, өвлүүлэн үлдээх, урлагийн олон урсгал чиглэлийг таниулах, уран бүтээлийн чанарыг сайжруулахад тус үйл ажиллагаа ихээхэн ач холбогдолтой.

Сийлбэр, уран зураг, уран сайхны фото, уран дархан, эсгий урлал, уран хатгамал, монгол зураг, өрөг урлал гэх найман төрөлд 21 уран бүтээлчийн бүтээл, үзмэр тавигджээ. 

“Бидний урлахуй - 2021” үзэсгэлэн аймгийн Нийтийн номын сангийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 6-8-ны өдрүүдэд олон нийтийн хүртээл болох юм. 

Шилдэг бүтээлийг олон нийтийн санал асуулгаар тодруулан, 12дугаар  сарын 8-ны өдөр шагналыг гардуулах ажээ.

Холбоотой мэдээ