Шилжин суурьшигчдыг сургаж хөдөлмөрт оролцуулах талаар хөндөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагаас хийсэн судалгаагаар манай улсын нийслэл хотод шилжин суурьшиж байгаа иргэдийн дийлэнх нь 20-29 насны залуучууд байна. Дээрх байдлыг тусгасан “Улаанбаатар хотын шилжилт хөдөлгөөний хязгаарлалтын үр нөлөө болон шилжин суурьшигчдын эмзэг байдлын судалгаа”-ны дүнг НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагватай өнөөдөр уулзах үеэр товч танилцуулав.
Уулзалтын үеэр ноён Виктор Лутенко өчигдөр болсон “Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага” форумд тус байгууллагын зүгээс эерэг үнэлгээ өгч байгааг дурдлаа. Тэрээр агаарын бохирдол, авто замын түгжрэл зэрэг нийслэл хотод тулгамдаж буй зүйлүүд шилжих хөдөлгөөнтэй шууд холбоотой учир үүнд чиглэсэн бодлогыг судалгаан дээр үндэслэн сайжруулах хэрэгтэйг дурдаад, хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр хэлэхдээ, “Шилжин суурьшиж буй иргэд хотын хөгжилд болон эдийн засагт эерэг нөлөө авчирдаг тул тэднийг хотын амьдралд дасан зохицох, хотын соёлд суралцахад чиглэсэн цогц төвтэй болвол үр дүнтэй байна” гэв. Нэг ёсондоо шилжин суурьшигчдыг сургаж хөдөлмөрт оруулцах талаар хөндөв.
Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан
төслүүдийн удирдагч Р.Дагва НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын зүгээс хэрэгжүүлэх ажилд дэмжлэг
үзүүлж хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийллээ. Уулзалтын үеэр хоёр тал шилжих хөдөлгөөний асуудлыг шийдвэрлэх
хувилбарыг хэлэлцэн, хамтарч ажиллах боломжуудыг судлахаар тохиролцов.