Эмэгтэйчүүдийн теннисний холбоо Хятадад тэмцээн зохион байгуулахаас татгалзлаа

Дэлхийд | Спорт
Jargal.d@montsame.mn
2021-12-02 15:02:37

ВАШИНГТОН. /BBC/. Хятадын теннисчин Пэн Шуайгийн асуудалтай холбоотойгоор Эмэгтэйчүүдийн теннисний холбоо (ЭТХ) Хятад улсад тэмцээн уралдаан зохион байгуулахаас татгалзаж буйгаа мэдэгдлээ.


Өдгөө 35 настай теннисчин бүсгүй Пэн Шуай нь Хятадын нөлөө бүхий улстөрчийн бэлгийн хүчирхийлэлд өртөж байснаа нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдэгдсэнээсээ хойш гурван долоо хоногийн турш олны өмнө гарч ирээгүй байгаа юм.


ЭТХ-ны тэргүүн Стив Саймон лхагва гарагт мэдэгдэл хийхдээ, “Пэн Шуай эрх чөлөөтэй, аюулгүй байгаа, ямар нэгэн дарамт сүрдүүлэгт өртөөгүй гэдэгт эргэлзэж байна. Ийм байхад тамирчдаасаа Хятадад тэмцээн уралдаанд оролцохыг би хүсэж чадахгүй” гэжээ.


Пэн Шуай Хятадын Коммунист намын гишүүн бөгөөд тус улсын Ерөнхий сайдын орлогч асан Жан Гаолигийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг мөрдөн шалгахыг ЭТХ удаа дараа уриалсан билээ.


Теннисчин бүсгүй энэ хэргийн талаар нийтэд дэлгэснээс хойш түүний аюулгүй байдалд дэлхий дахин санаа зовниж буй юм.


Пэн Шуай өнгөрсөн 11 дүгээр сард Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бахтай цахимаар холбогдохдоо “Би аюулгүй, сайн байгаа” гэсэн юм.


Гэсэн хэдий ч ЭТХ Пэн Шуайгийн аюулгүй байдалд санаа зовниж, Томас Бахтай холбогдохдоо ярьсан зүйлс нь “түүний аюулгүй байдлын бүрэн нотолгоо болж чадахгүй” гэж байна.


ЭТХ-ны тэргүүн Саймоны мэдэгдэлд, “Хэрэв 2022 онд Хятадад тэмцээн уралдаанууд зохион байгуулбал тамирчид болон холбогдох албаны хүмүүст эрсдэл учирч болзошгүй гэж би ихээхэн санаа зовж байна. Хятадын удирдлага энэ ноцтой асуудлыг нухацтай авч үзэхгүй байна. Хэрэв эрх мэдэлтэй хүмүүс эмэгтэйчүүдийн дуу хоолойг дарж, бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой хэргүүдийг халхалсаар байвал ЭТХ-ны эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангах зарчим асар их уналтад орно. Би болон манай холбооны тамирчид ийм зүйлийг хүсэхгүй байна” гэжээ.


Хонкогт ч мөн теннисний тэмцээнүүдийг зохион байгуулахыг түдгэлзүүлж буйгаа тус холбоо мэдэгдсэн байна.


Дэлхийн номер нэг теннисчин, ЭТХ-г үүсгэн байгуулагч Билли Жин Кинг хатуу байр суурь баримталж буй тус холбоог сайшаагаад “Энэ бол эмэгтэйчүүдийн теннис эмэгтэйчүүдийн спортыг манлайлж буйн бас нэгэн шалтгаан. ЭТХ тамирчдаа дэмжиж, түүхийн зөв талд зогсож байна” гэжээ.


Уимблдоны хошой аварга Петра Квитова, АНУ-ын Нээлттэй тэмцээний шөвгийн наймд шалгарсан Шелби Рожерс тэргүүтэй олон тамирчин ЭТХ-ны шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлээд байна.


"Ковид-19" цар тахлын улмаас ЭТХ сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятадад ямар ч тэмцээн зохион байгуулаагүй юм.


Гэсэн хэдий ч тус байгууллага нь сүүлийн жилүүдэд Хятадын хөрөнгө оруулалтаас ихээхэн хамааралтай байж, олон чухал тэмцээнийг Хятадад зохион байгуулж байсан билээ.


Тухайлбал, Хятад улс 2019 оны улирлын есөн тэмцээн, түүний дотор ЭТХ-ны аварга шалгаруулах тэмцээнүүдийг зохион байгуулж, шагналын санд нь 30.4 ся ам.доллар зарцуулжээ.


ЭТХ-ны тэргүүн хэлэхдээ, “Хятадад тоглохоос татгалзсан нь санхүүжилтийн хувьд сөрөг үр дагавартай хэдий ч Пэн Шуайгийн асуудал мөнгөнөөс чухал” гэсэн байна.


Хосын төрөлд дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан Пэн Шуай “Вэйбо” нийгмийн сүлжээнд “Би Жан Гаолигийн бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртөж байсан” гэсэн пост оруулсан. Энэхүү пост хэдхэн минутын дараа устгагдсан бөгөөд теннисчин бүсгүй олны өмнө гарахгүй удаж байгаа юм.


Теннисчид энэ асуудалд олны анхаарлыг хандуулахын тулд #WhereisPengShuai буюу Пэн Шуай хаана байна? гэсэн хаштаг бүхий постыг твиттерт оруулсаар байна.


2018 онд тэтгэвэртээ гарсан Жан Гаоли бэлгийн хүчирхийллийн асуудалтай холбоотойгоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.


 


Холбоотой мэдээ