"Талибан"-ы төлөөлөгчид 10 гаруй орны төлөөлөгчидтэй уулзжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-12-02 11:10:54

КАИР. /TASS/. Афганистаны засгийн эрхийг гартаа авсан хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөн АНУ, Итали, Их Британи, Япон зэрэг 10 гаруй улс болон олон улсын байгууллагын төлөөлөгчид, мөн Афганистаны асуудал эрхэлсэн Европын Зөвлөлийн тусгай төлөөлөгчтэй лхагва гарагт Катар улсад уулзжээ.


Энэ тухай талибуудаас Афганистаны Гадаад хэргийн яамны хэвлэлийн нарийн бичгийн даргаар томилогдсон Абдул Кахар Балхи твиттер хуудсандаа мэдээлсэн байна.


"Өнөөдөр "Афганистаны Исламын Эмирт Улс"-ын (талибуудын хэрэглэдэг улсын нэр) Гадаад хэргийн сайд Амир Хан Моттаки тэргүүтэй өндөр дээд хэмжээний төлөөлөгчид 16 улсын Элчин сайд болон бусад төлөөлөгч нартай яриа хэлэлцээ хийж, хүмүүнлэг, эдийн засаг, эрүүл мэнд, улс төрийн асуудлууд, мөн аюулгүй байдлын салбарын байдлын талаар ярилцлаа" гэж “Талибан”-ы төлөөлөгч онцлон тэмдэглэжээ.


Түүний хэлснээр, уулзалтад оролцогчид “Афганстаны аюулгүй байдлын салбарт гарч буй өөрчлөлтийг нааштай үнэлж”, тус улсад хүмүүнлэгийн тусламж, тэр дундаа эм тариа хүргэх шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрсөн байна.


Үүний зэрэгцээ талибууд бүх улс оронд хандан "бодит байдалд нүдээрээ харж дүгнэлт хийж, талуудын харилцаанд шинэ хуудсыг нээхийн тулд Кабул дахь Элчин сайдын яамаа дахин нээхийг" уриалжээ.


Сүүлийн өдрүүдэд “Талибан”-ы төлөөлөгчид Доха хотод хэд хэдэн уулзалт хийжээ. Тухайлбал, Афганистаны асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай төлөөлөгч Томас Уэст, Кабул дахь Их Британийн хэргийг түр хамаарагч Мартин Лонден, Афганистаны асуудал эрхэлсэн Европын Холбооны тусгай төлөөлөгч Томас Никлассон, Катарын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Мохаммед бин Абдель Рахман нартай уулзсан байна.


Холбоотой мэдээ