Гамшгаас хамгаалах сургалтын танхимууд үйл ажиллагаагаа эхэллээ

ОРОН НУТАГТ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-11-19 18:09:50

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд дээрх гамшгаас хамгаалах сургалтын танхимууд үйл ажиллагаагаа эхлүүлээд байна гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.

Аймгийн Онцгой байдлын газраас санаачлан сурагчдыг гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, гамшиг ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах зөв дадал хэвшилтэй болгох. Аюулгүй эрсдэлгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор аймгийн ерөнхий боловсролын 29 сургуульд “Гамшгаас хамгаалах сургалтын танхим”-ыг өнгөрсөн жил байгуулсан.

Цар тахлын улмаас ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын үйл ажиллагааг цахимжуулсан хугацаанд танхимын үйл ажиллагаа түр зогссон байсан. Харин өнгөрсөн сараас Улиастай сумын ерөнхий боловсролын сургуулиуд дээрх гамшгаас хамгаалах сургалтын танхимууд ариутгал халдваргүйтгэлийг чанд сахин зарим үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Тухайлбал, Улиастай сумын Лаборатори нэгдүгээр сургууль, дөрөвдүгээр сургуулиуд хүүхдүүдэд гамшгийн тухай ойлголт, хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх сургалт  мэдээллийг, танхимаар 130 гаруй суралцагчид өгчээ.

Ташрамд өнгөрсөн жил гамшгаас хамгаалах танхимыг байгуулах болзолт уралдааныг зарлан эхний гурван байрт шалгарсан сургуулиудын захирлыг “Дэлхийн зөн-Монгол” ОУБ-тай хамтран шагнаж урамшуулсан байна. Ингэснээр улсын хэмжээнд анх удаа ерөнхий боловсролын бүх сургууль Гамшгаас хамгаалах сургалтын танхимтай болсон юм. 


Холбоотой мэдээ