NASA сансрын хог хаягдалтай холбоотой үйл явдлын талаарх мэдээллийг цуглуулж байна

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2021-11-16 12:31:45

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын сансар судлалын NASA агентлаг Олон улсын сансрын станцын /ОУСС/ багийнхныг сансрын хөлөг рүү шилжүүлэхэд хүргэсэн сансрын хог хаягдлын талаарх мэдээллийг цуглуулж байна гэж тус байгууллагын төлөөлөгч Ли Кэшьер мэдээлжээ.


Тэрбээр ОХУ хиймэл дагуул эсэргүүцэгч зэвсэг туршсаны улмаас хог хаягдал бий болсон байж магадгүй гэх “CNN” телевизийн мэдээнд тайлбар өгөхдөө энэ талаар мэдээлсэн байна.


Даваа гарагт ОУСС сансрын хог хаягдалтай мөргөлдөх аюултай гурван ч удаа тулгарсан юм. Энэ нь өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ хиймэл дагуул эсэргүүцэгч зэвсэг туршсаны улмаас үүссэн хог хаягдал байж магадгүй гэж “CNN” телевизийн сурвалжлагч Кайли Этвуд АНУ-ын нэрээ нууцалсан хоёр албан тушаалтнаас эш татан твиттер хуудсандаа бичжээ.


Түүнчлэн Пентагоноос ОХУ хиймэл дагуул эсэргүүцэгч пуужингийн туршилт хийх үеэрээ ЗХУ-ын үед тойрог замд гаргасан аппаратыг устгасан гэж мэдээлсэн байна.  


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ талаар мэдэгдэл хийхдээ, ОХУ сансрын судалгааг аюулд оруулсан гэж мэдэгджээ


Өнгөрсөн оны 12 дугаар сард Пентагон ОХУ-ыг мөн хиймэл дагуул эсэргүүцэгч пуужин туршсан гэж буруутгаж байсан юм. Тухайн үед ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова АНУ-ын Сансрын хүчний командлагч, генерал Жон Реймондын мэдэгдэлд тайлбар өгөхдөө, "Оросын сансрын үйл ажиллагаа, сансарт зэвсгийн уралдаанаас урьдчилан сэргийлэх энхийн санаачилгыг гутаах зорилготой Вашингтоны санаачилсан кампанит ажил" гэж мэдэгджээ. Тэрбээр мөн хоёр талын сонирхсон яамд, байгууллагуудын төлөөлөгчдийг оролцуулан сансрын үйл ажиллагааны талаар хэлэлцэхэд ОХУ бэлэн байгааг мэдэгдсэн байна.


Холбоотой мэдээ