Гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Мартаж болохгүй” аян зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-10-25 16:04:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Онцгой байдлын газраас ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Мартаж болохгүй” аяныг өнөөдрөөс зарлалаа.


Тус аяны талаар болон цаг үеийн нөхцөл байдлын тухай Нийслэлийн Онцгой байдлын газар (НОБГ)-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар (НАБТГ)-ын дарга Б.Пүрэвсүрэн, “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал нар мэдээлэл өгөв.




Нийслэлийн онцгой байдлын газрын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, “Сүүлийн таван жилийн хугацаанд 12 378 удаагийн обьектын гал түймрийн дуудлага ирж, 102 том хүн, 32 хүүхэд гал түймэрт өртөж амиа алдаж, 100 том хүн, 28 хүүхэд гал түймрийн улмаас эрүүл мэндээрээ хохирч, түлэгдэж, бэртэж гэмтсэн байна. НОБГ 4894 хүний амийг аварч, байгууллага, иргэний 20.6 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж ажиллалаа.

Нийслэлд гарч буй гал түймрийн шалтгаан нөхцөлийг ангилж үзвэл  ил задгай гал, үнс нурам, тамхи чүдэнзний цогоос 4772, яндангийн цонолтоос 2160, цахилгаан угсралт, ашиглалтын буруугаас 1882, машин техникийн гэмтэл, ашиглалтын буруугаас 588 удаа байна. Обьектийн гал түймэр ихэвчлэн шөнөөр болон үүрээр гарч байна.

Хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбоотойгоор хоногт галын 8-10 дуудлага ирж байна. Өнгөрсөн долоо хоногт 45 удаагийн дуудлага буюу энэ оны хамгийн их дуудлагатай долоо хоног байсан. Таван хүн гал түймэрт өртөж амиа алдсан. Мөн 10 дугаар сарын 25-ны 04.05 цагт БЗД-ийн 2 дугаар хорооны гудамжинд байшин шатаж байна гэх дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 3х5 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж,  гал түймэрт 4 иргэн нас барсан харамсалтай хэрэг гарсан. Гал болон угаарын хийд өртөж амиа алдах эрсдэл их байна. Иймд “Мартаж болохгүй” аянаар дамжуулж иргэдийнхээ амь насыг авран хамгаалах, гал түймрээс сэргийлэх мэдээ, мэдээлэл хүргэх зорилготой.” гэлээ.




Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн,2019 оноос хойш Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулсан бүс буюу төвийн зургаан дүүрэгт сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлсэн. 2019-2020 онд 2970 хүн, 2020-2021 онд 786 хүн угаарын хийн эрсдэлд өртсөн байдаг. Харин 2021 оны галлагааны улирал эхэлсэн цаг буюу энэ оны 9 дүгээр сарын 1-нээс хойш 120 орчим хүн угаарын хийн эрсдэлд өртжээ. Статистик үзүүлэлтээр угаарын эрсдэлд өртөж буй иргэдийн тоо буурч байгаа ч тайвширч болохгүй. 2019, 2020 оны угаарын хийд өртсөн дуудлагын дийлэнх нь сайжруулсан түлш түлэх мэдлэг, мэдээлэл дутсантай холбоотой байсан. Харин 2021 оны угаарын хийн эрсдэлийн дийлэнх нь иргэдийн хайхрамжгүй байдалтай холбоотой.

Улаанбаатар хотод шилжиж ирээд хаягаа бүртгүүлээгүй, дүүрэг хороондоо харьяалалгүй, “Таван толгой түлш” ХХК-иас угаар мэдрэгчээ аваагүй байдлаас үүдэн угаарын хийн эрсдэлд өртөх магадлал өндөр байна. Төрийн байгууллагуудаас угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох аянуудыг шат дараатай хэрэгжүүлж байгаа. Мөн төрийн болон төрийн бус байгууллагуудаас бүх талын судалгааг аван, шаардлагатай арга хэмжээг авч байна. Иймд иргэд, олон нийт сэрэмжтэй байж, дор бүрнээ хариуцлагатай байх хэрэгтэй. Агаарын бохирдлыг бууруулах, угаарын хийн эрсдэлийг арилгахад ганц төрийн байгууллагын үйл ажиллагаа, шийдвэр хангалтгүй. Төр, иргэн, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, хариуцлага чухал” хэмээн тодотгож байлаа.




“Тавантолгой түлш” ХХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн албаны дарга Ч.Буянжаргал,Таван толгой түлш” ХХК-иас 8600 айлд дамжуулагчтай угаарын хий мэдрэгчийг суурилуулсан. Айлуудад угаар мэдрэгч суурилуулснаар 10 хоногийн дотор 58 удаагийн дуудлагаар 200 гаруй иргэний амийг хамгаалсан гэж үзэж болно. Цаашид эрсдэлтэй 60 гаруй мянган өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна. 12 дугаар сарын 1-нийг хүртэл эдгээр айлыг дамжуулагчаар бүрэн хангана. Иргэд угаарын хийн дамжуулагчаа зөвхөн гал түлэхдээ ажиллуулаад, бусад үед нь унтрааж байгаа нь буруу. 24 цагийн турш танай гэр дэх угаарын хийг дэлгэцээр ажилтнууд хянаж байгаа. Иргэд цахилгаан хэрэглэж байгаа гэсэн шалтгаанаар дамжуулагчийг салгаж байна. Байнга залгаатай байлгах нь чухал юм. Засгийн газраас 12 дугаар сарын 31-нийг хүртэл цахилгааны төлбөрийг 100 хувь хөнгөлөх шийдвэр гарсан тул угаарын хий мэдрэгчээ салгахгүй байхыг иргэдэд сануулъя. Хяналтын баг таны гэрт угаарын хий мэдрэгдэж буй эсэхийг 24 цагийн турш дэлгэцээр хянаж байгаа тул дамжуулагчаа салгаж болохгүй” хэмээн иргэдэд анхаарууллаа.


Мөн тэрээр, угаарын хий мэдрэгчээ эвдэх, зарж борлуулсан ч иргэн бий. Угаарын хий мэдрэгчийг өрхөд нэг л удаа үнэ төлбөргүй олгож байгаа бөгөөд эвдсэн, худалдсан тохиолдолд өөрсдөө худалдаж авахыг сануулав.

Холбоотой мэдээ