Л.Пүрэвсүрэн: Монгол Улс Ази, Европын дипломат түншлэлийн томоохон гүүр болж чадсан
МОНГОЛЫН МЭДЭЭМонгол Улс Ази, Европыг төмөр зам, агаарын тээвэр зэрэг эдийн засгийн харилцаагаар холбохоос гадна дипломат түншлэлийн томоохон гүүр болж чадлаа гэдгийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өнөөдөр нээлтээ хийж буй “АСЕМ-ын Залуучуудын чуулган”-ы үеэр онцлов.
АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг болох Залуучуудын Чуулган нь өнөөдрөөс энэ сарын 10 хүртэл үргэлжлэх бөгөөд чуулганд АСЕМ-ын гишүүн орны 100 төлөөлөгч, Монголын шилдэг 50 залуу оролцож байна. Чуулганд оролцогч гадаадын оюутан, залуучуудын дийлэнх нь Монголд анх удаа ирж байгаа бөгөөд Монгол оронтой танилцах хүсэлтэй 3900 гаруй залуус бүртгүүлснээс зөвхөн 100 нь шилдгээр тодорч, чуулганд оролцох эрх авчээ. Дөрвөн өдөр үргэлжлэх энэхүү чуулганаар АСЕМ-ын гурван тулгуур болох улс төр, эдийн засаг, нийгэм-соёлын асуудлыг хэлэлцэх бөгөөд чуулганаас гарсан дүгнэлтийг АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад хүргүүлэх аж. Түүнчлэн зохион байгуулагчдын зүгээс 51 орны төлөөлөгч залуучуудад зориулж өөрийн орны соёл, зан заншил, Монгол залуусын орчин үеийн амьдралын хэв маягтай танилцах боломжийг бүрдүүлсэн сонирхолтой хөтөлбөрийг бэлдсэн гэдгийг МЗХ-ын Ерөнхийлөгч А.Мөнхбат нээлтийн үеэр дурьдав.
Монгол Улс эртнээс Ази, Европын эдийн засгийн гүүр болсоор ирсэн. Энэ онд АСЕМ-ын чуулга уулзалтыг зохион байгуулж зөвхөн эдийн засаг бус, улс төр, дипломатын харилцааг холбож байгаа нь Монголчуудын хувьд томоохон бахархал гэдгийг Л.Пүрэвсүрэн сайд хэллээ.
Тэрбээр, “Ази, Европын хамтын ажиллагааны хамрах хүрээ ихээхэн өргөжсөн. Гэсэн ч бидний өмнө олон бэрхшээл тулгамдаж байна. Шийдвэрлэх шаардлагатай аливаа асуудлыг тодорхойлох нь хамгийн чухал. Энд хуран цуглаад буй залуус дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлыг тодорхойлж, шинэлэг шийдэл гаргах нь бидэнд асар их үнэ цэнэтэй. Та бүхэн дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй ядуурал, терроризмын гэрч болсон. Тиймээс Ази, Европыг нэгтгэн терроризмын эсрэг хамт зогсож даван туулж, энэ дэлхийг илүү сайхан болгож чадна гэдэгт итгэж байна” хэмээв.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал