Ши Жиньпин ШХАБ-ын төрийн тэргүүн нарын зөвлөлийн дээд хэмжээний уулзалтад юу хэлэв?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-09-18 16:27:01

БЭЭЖИН. /CGTN/. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) төрийн тэргүүн нарын зөвлөлийн 21 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт Тажикистаны нийслэл Душанбе хотноо баасан гарагт боллоо.

ШХАБ байгуулагдсаны 20 жилийн ойн дээр болсон уг уулзалтын үеэр гишүүн орнууд улс төр, аюулгүй байдал, эдийн засаг болон соёл зэрэг өргөн цар хүрээг хамарсан салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэхээр тохиролцсон байна.

ШХАБ-ыг 2001 онд БНХАУ, Казахстан, Киргизстан, Орос, Тажикистан болон Узбекистан гэсэн Евразийн зургаан улс орны удирдагчид Шанхай хотноо байгуулж байсан билээ. Тэр үеэс хойш тус байгууллага гишүүнчлэлийн хүрээгээ тэлж, өдгөө албан ёсны есөн гишүүнтэй болоод байна. Тодруулбал, 2017 онд тус байгууллагад Энэтхэг болон Пакистан гишүүнээр элссэн бол энэ онд буюу өчигдрийн дээд хэмжээний уулзалтын үеэр Иран гишүүнчлэлд нь нэгдсэн байна.

Душанбе хотноо болсон ШХАБ-ын төрийн тэргүүн нарын 21 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтад тус байгууллагын нөлөө бүхий гишүүн БНХАУ-ын дарга Ши Жиньпин цахимаар холбогдон үг хэлжээ. Түүний хэлсэн үг, санал санаачилгад олон улсын шинжээчид ихээхэн анхаарлаа хандуулж байна. Ингээд түүний хэлсэн үгнээс орчуулан хүргэе.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд олон улсын харилцаанд ихээхэн өөрчлөлт шинэчлэл гарч, дэлхийн засаглалын тогтолцоо гүнзгий өөрчлөгдсөнийг Ши Жиньпин үгийнхээ эхэнд онцлон тэмдэглэсэн байна. Мөн өнгөрсөн хугацаанд ШХАБ эрчимтэй хөгжиж, гишүүн орнуудын харилцан ашигтай хамтын ажиллагаа өргөжин тэлсэн гэж тэрбээр хэлжээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “Харилцан итгэлцэл, харилцан ашигтай байдал, эрх тэгш байх, зөвлөлдөх, соёл иргэншлийн олон талт байдлыг хүндэтгэх болон хамтын хөгжлийг эрэлхийлэх гэсэн ерөнхий үзэл баримтлалаа өнгөрсөн 20 жилийн хугацаанд чанд дагаж мөрдсөнөөр ШХАБ нь дэлхийн энх тайван байдал болон хүн төрөлхтний хөгжил дэвшлийг ахиулж, олон улсын харилцааны шинэ хэлбэрийг бий болгож, хүн төрөлхтний хамтын цогцыг бий болгох зорилтод хүрэх ажлыг онол болон практикийн хувьд урагшлуулж чадлаа” гэсэн байна.

Ши Жиньпиний хэлсэнчлэн, ШХАБ нь өдгөө түүхэн эхлэлийн шинэ цэгтээ хүрээд байна.

Тэрбээр хэлэхдээ “Бид ШХАБ-ын үзэл баримтлалд үнэнч байж, зөв чиглэл баримталж, олон улсын харилцаанд ардчилсан зарчмыг хөхиүлэн дэмжих түүхэн чиг хандлагыг дагаж, хүн төрөлхтний нийтлэг хөгжлийн төлөө нэгдмэл байх хэрэгтэй. Бид хамтдаа хамтын ирээдүй бүхий ШХАБ-ын хамтын нийгэмлэгийг байгуулж, дэлхийн энх тайван болон нийтлэг хөгжил цэцэглэлтэд улам их хувь нэмэр оруулж чадна” гээд, дараах таван алхмыг дагаж мөрдөхийг уриалжээ.

Нэгдүгээрт, эв санааны нэгдэл болон хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хэрэгтэй.

ШХАБ-ын гишүүн орнууд бүх түвшний уулзалтын механизм, платформыг бүрэн дүүрэн ашиглаж, бодлогын яриа хэлэлцээ, харилцаа холбооны зохицуулалтаа эрчимжүүлж, бие биенийхээ өмнө тулгамдсан асуудлуудыг харилцан хүндэтгэн үзэх, хамтын ажиллагаанд нөлөөлж болзошгүй аливаа асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх ёстой бөгөөд ингэснээр ШХАБ-ын тогтвортой байдлыг хангаж чадна. Мөн ШХАБ-ын гишүүн орнуудын дотоод асуудалд ямар ч шалтгаанаар гадны хүчин оролцохыг зөвшөөрч болохгүй. Товчхондоо, улс орныхоо хөгжил дэвшил болон ирээдүйг өөрсдөө удирдан жолоодох хэрэгтэй.

КОВИД-19 цар тахалтай тэмцэх нь хүн төрөлхтний өмнө тулгарч буй хамгийн тулгамдсан асуудал хэвээр байна. Ард түмэн, эрдэнэт хүний амь насыг нэгдүгээрт тавьж, шинжлэх ухаанчаар асуудалд хандах хэрэгтэй. Бид энэ цар тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, вакцины шударга бөгөөд тэгш хуваарилалтыг дэмжиж, уг вирусний гарал үүслийг улстөржүүлэх гэсэн аливаа үйлдлийг эрс эсэргүүцэх хэрэгтэй.

Дэлхий дахины амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүднээс БНХАУ 100 гаруй улс орон болон олон улсын байгууллагад 1.2 тэрбум тун орчим вакцин нийлүүлснээр вакцины нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлж байна. БНХАУ энэ оны эцэс гэхэд дэлхий дахинд нийлүүлсэн вакцины хэмжээг 2 тэрбумд хүргэхийн төлөө ажиллах болно.

Хоёрдугаарт, бид бүх нийтийн аюулгүй байдлыг хамгаалах зарчмыг дагаж мөрдөх хэрэгтэй.

Терроризм, хэт давруу үзэл, салан тусгаарлах үзэл болон мансууруулах бодистой тэмцэх, хилийн хяналтыг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлж, ШХАБ-ын аюулгүй байдлын хамтын ажиллагааны механизмыг хурдан сайжруулах шаардлагатай байна. Афганистанд эрс өөрчлөлт гарлаа. Гадаадын цэргүүд гарсан нь тус улсын түүхийн нэгэн шинэ хуудсыг нээлээ. Гэсэн хэдий ч Афганистан олон хүнд сорилттой тулгарсаар байгаа бөгөөд тус улсад олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа манай бүс нутгийн орнуудын дэмжлэг, туслалцаа хэрэгтэй байна. ШХАБ-ын гишүүн орнууд уялдаа холбоогоо бэхжүүлж, ШХАБ-Афганистаны холбоо тогтоох бүлэг гэх мэт платформыг бүрэн дүүрэн ашиглаж, Афганистаны байдлыг тогтвортой болгох хэрэгтэй.

Гуравдугаарт, бид нээлттэй байдал болон интеграцийг хөхиүлэн дэмжих хэрэгтэй.

ШХАБ–ын гишүүн орнууд бүгд хөгжлийн чухал үе шатандаа явна. Тиймээс бие биетэйгээ ойр байж, нийтлэг ашиг сонирхлоо хуваалцах нь чухал юм. Бид худалдаа болон хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх, хүмүүс, бараа, хөрөнгө ба мэдээллийн аюулгүй байдлын эмх цэгцтэй урсгалыг үргэлжлүүлэн дэмжих хэрэгтэй. Бид дижитал эдийн засаг, ногоон эрчим хүч, орчин үеийн хөдөө аж ахуй зэрэг чиглэлээр хамтын ажиллагааны өсөлтийн хөшүүргийг бий болгох ёстой. “Бүс ба Зам” санаачилга нь бидний нийтлэг хөгжлийг дэмжих томоохон платформ билээ. Бид “Бүс ба Зам” санаачилга, ШХАБ -ын орнуудын хөгжлийн стратеги болон Евразийн эдийн засгийн холбоо зэрэг бүс нутгийн хамтын ажиллагааны санаачилгуудын уялдаа холбоог бэхжүүлэх хэрэгтэй. ШХАБ-ын гишүүн орнуудын цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг хөнгөвчлөхийн тулд БНХАУ зах зээлийн боломжоо үргэлжлүүлэн хуваалцаж, ойрын таван жилд ШХАБ-ын гишүүн бусад оронтой хийх худалдааны хэмжээг 2.3 их наяд ам.долларт хүргэж, худалдааны бүтэц, тэнцвэрийг сайжруулах болно. Мөн БНХАУ нь ШХАБ-ын гишүүн орнуудын бизнес, худалдааны хамтын ажиллагааг дэмжих зорилгоор БНХАУ-ШХАБ-ын Бизнес ба худалдааны институтийг нээх болно.

Дөрөвдүгээрт, уялдаа холбоогоо бэхжүүлж, харилцан суралцах хэрэгтэй.

Соёл иргэншил, хүмүүс хоорондын харилцан үйлчлэл нь ШХАБ-ын хөгжлийн хамгийн бат бөх суурь бөгөөд хүмүүс хоорондын солилцоо нь энэ байгууллагын хамгийн хүчтэй хөдөлгөгч хүч юм.

Тиймээс хүмүүс хоорондын солилцоо, яриа хэлэлцээ, эв найрамдал, энх тайвнаар зэрэгцэн орших явдлыг ямагт хөхиүлэн дэмжих хэрэгтэй. Шинжлэх ухаан, технологи, боловсрол, соёл, эрүүл мэнд болон ядууралтай тэмцэх зэрэг салбарт  олон төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй.

Ирэх гурван жилд БНХАУ ШХАБ -ын бусад гишүүн оронд зориулан ядуурлыг бууруулах чиглэлээр 1000 сургалт, 10 семинар зохион байгуулж, Торгоны замын хамтын нийгэмлэгийн хүрээнд эрүүл мэнд, ядууралтай тэмцэх, соёл, боловсрол зэрэг чиглэлээр хамтын ажиллагааны 30 төсөл хэрэгжүүлэх болно. Эдгээр нь тусламж хэрэгтэй байгаа улс орнуудын чадавхийг бэхжүүлж, ард түмнийх нь аж амьдралыг сайжруулахад туслах болно.

Хятад улс ирэх онд ШХАБ -ын гишүүн орнуудын залуучуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор ШХАБ -ын залуучуудын технологи, инновацийн форумыг зохион байгуулна.

Мөн уламжлалт анагаах ухааны хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ арга замыг эрэлхийлэх зорилгоор ШХАБ -ын уламжлалт анагаах ухааны холбоо байгуулах саналыг Хятад улс дэвшүүлж байна.

 Тавдугаарт, эрх тэгш байдал, шударга ёсыг бэхжүүлэх хэрэгтэй.

 “Эрх мэдэл түр зуур ялж магадгүй юм. Гэхдээ шударга ёс урт хугацаанд оршин тогтнох болно” гэсэн хятад үг байдаг. Их гүрний дээрэнгүй үзэл гаргах, доромжлох, ноёрхол тогтоохыг оролдох гэсэн аливаа үйлдлүүдийн эсрэг бат зогсох хэрэгтэй. Олон улсын харилцаанд тулгамдсан аливаа асуудлыг НҮБ–ын дүрэм журам, зарчмын хүрээнд өргөн хүрээнд зөвлөлдөж шийдвэрлэх хэрэгтэй. Бид харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, технологийн саад тотгорыг арилгаж, бүгдэд ашиг тусаа өгөх хүртээмжтэй хөгжлийг дэмжих хэрэгтэй”гэж Ши Жиньпин хэлжээ.

 

Холбоотой мэдээ