Оюу толгой уурхай үйлдвэрлэлд ашигласан усны 88 хувийг дахин ашиглаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-09-07 17:30:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оюу толгой төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, говийн бүсийн гүний ус ашиглалтын байгаль орчинд нөлөөлөх байдлын болон холбогдох хууль, бусад шийдвэрийн хэрэгжилтийг шалган, санал дүгнэлт гаргах ажлын баг өнөөдөр хуралдав.


Ажлын багийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа ахалж байгаа бөгөөд тэрбээр уулзалтын эхэнд “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны энэ оны 4 дүгээр сарын 28-ны 1 тоот тогтоолоор уг ажлын баг байгуулсныг танилцуулав.

Уулзалтад оролцогчдыг танилцуулсны дараа Оюу толгой ХХК-ийн албаны хүмүүс Төслийн үйл ажиллагаанд ашиглаж буй гүний усны талаар мэдээлэл хийв. Мэдээлэлд, Оюу толгойн уурхайн үйлдвэрлэлийн усан хангамжийн үндсэн эх үүсвэр нь Гүний хоолойн газрын доорх усны орд газар. Уг орд газрыг БОНХАЖЯ-ны Усны нөөцийн зөвлөлийн тогтоолоор баталсан усны нөөцийг ашигладаг. Энэ оны наймдугаар сарын 31-ний байдлаар нийт 9 278 020 шоо метр ус ашиглаад байна. Гүний хоолойн өндөр давсжилттай усыг зөөлрүүлэн цэвэршүүлж, ус савлах үйлдвэрийг 2011 онд ашиглалтад оруулсан. Оюу толгой уурхайн талбайд ахуйн бохир ус цэвэрлэх нийт дөрвөн байгууламжийг ашигладаг бөгөөд үйлдвэрлэлд ашигласан усны 88 хувийг дахин ашигласан гэв. Мөн 2013 оноос энэ оны 8 сарын 31-нийг хүртэл ус ашигласны төлбөрт Өмнөговь аймгийн төсөвт 122 тэрбум төгрөг төвлөрүүлсэн.


Монгол Улсын Их Хурлын 92-р тогтоолын хэрэгжилтийг хангахтай холбогдуулан Гүний хоолойн газар доорх усны ордын ашиглалтын үеийн нөөцийг тооцох хайгуул судалгааны ажил хийхээр Усны газартай ярилцаж байна. Цаашид Улсын усны мониторингийн сүлжээг өргөтгөхөөр төлөвлөж байгаа бөгөөд хараат бус хөндлөнгийн эрх бүхий усны аудитын компани шалгаруулах ажил үргэлжилж байна. Усны аудитын тайланг энэ ондоо багтааж Монгол Улсын Засгийн газарт хүргүүлэхээр ажиллаж байна гэлээ.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Ганибал, Ж.Бат-Эрдэнэ нар байгаль орчны үнэлгээ, ус ашиглалт нь тогтоосон хэмжээнээс хэтэрсэн эсэх, мөн бусад асуудлын талаар тодруулж байв.

УИХ-ын гишүүн, ажлын багийн ахлагч Ш.Адьшаа мэдээлэлтэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, өнөөдрийн өргөтгөсөн уулзалтад хүрэлцэн ирсэн албаны хүмүүст талархал илэрхийлээд тус ажлын багаас Оюу толгой төслийг гацаах, нийгэмд ташаа мэдээлэл тараах зорилго агуулаагүй болохыг онцлон тэмдэглэв. Монгол Улсын Засгийн газраас Рио Тинтогийн удирдлагад ил тод нээлттэй хамтран ажиллах талаар удаа дараа байр сууриа илэрхийлсэн. Говийн бүсийн газрын гүний ус нь Оюу толгойн төслийн үр дүнгээс илүү чухал. Олон улсын туршлагад аливаа уул уурхайн олборлолтод хөндлөнгийн байгууллага, шинжээчид дүгнэлт гаргадаг. Гэтэл өнөөдөр Оюу толгой өөрөө дүгнэлт гаргаж, түүнийг Монгол Улсын Засгийн газар олон нийтэд танилцуулж байгаа тогтолцоо нь буруу болохыг шүүмжлэв. Түүнчлэн Цагаанхадаас Гашуунсухайт боомт хүртэлх 20 км шороон замыг 10 гаруй жил ашиглаж байгаа нь өнөөдөр Оюу толгой хэр ажиллаж байгааг харуулж байна. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр Өмнөговь аймагт 5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийдэг гэж олон нийтэд танилцуулдаг хэрнээ жилийн эцэст үүнийг яагаад “өр” гэж тайлагнадаг болохыг тодруулав.

Оюу толгой ХХК-ний Уурхайн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Андрю Вилсон хийсэн тайлбартаа, аливаа хамтын ажиллагаанд итгэлцэл чухал байдаг, ажлын хэсгийн ахлагчийн хийсэн мэдээлэлтэй холбогдуулан итгэлцлийг бэхжүүлэхийн төлөө ажиллана. Гашуунсухайт боомт хүртэлх 20 км шороон замын хувьд шинэчлэлийн ажил эхэлсэн бөгөөд ирэх хоёр жилийн хугацаанд дуусгана. Орон нутагт жил бүр 5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, төсөл хэрэгжүүлдэг. Санхүүгийн албаны хүмүүсээс тодруулж, уг зардал “өр” болгон тайлагнадаг эсэхийг тодруулж, эргэн мэдэгдье гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ш.Адьшаа байгаль орчны хяналт, экологийн тэнцвэрт байдлыг хангахын тулд Оюу толгой манлайлагч байх ёстой, удахгүй ажлын багийн гишүүд газар дээр нь ажиллах төлөвлөгөөтэй байгааг танилцуулав. Уулзалтад Оюутолгой ХХК-ий Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдлын асуудал хариуцсан Ерөнхий менежер Филип Абрахам, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Шижир-Эрдэнэ, Усны газрын Усны нөөцийн хэлтсийн дарга Д.Өнөржаргал, Эрдэнэс Оюу Толгой ХХК-ий Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт болон албаны бусад хүмүүс оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ