Биржийн бус зах зээлийг энэ сард эхлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-08-03 14:20:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад биржийн бус зах зээлийн цахим платформыг үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийн системд холбоод байна. Ингэснээр энэ сараас биржийн бус зах зээлийн үйл ажиллагаа бүрэн ажиллаж эхэлнэ гэж СЗХ-ноос мэдээлж байна. 

СЗХ “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-ыг оны өмнө баталсан. Ингэснээр манай улс мэргэжлийн хөрөнгө оруулагч нарт чиглэсэн биржийн бус зах зээлийн нарийвчилсан эрх зүйн зохицуулалттай болсон юм. Улмаар олон улсын жишигт нийцсэн биржийн бус зах зээл хөгжих үндэс суурь тавигдаж байна. Уг үйл ажиллагааг энэ оны эхний улиралд багтаан эхлүүлэхээр төлөвлөсөн. Гэвч "COVID-19"-ийн цар тахлын хөл хориотой холбоотойгоор хөрөнгийн зах зээл дэх шинэ үйл ажиллагааг хойшлуулаад байсан юм. 

Манай улсад "Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам"-ыг баталснаар Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо биржийн бус зах зээлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах юм. Нарийвчилсан харилцааг зохицуулсан журмаа боловсруулж, СЗХ-гоор батламжлуулснаар биржийн бус зах зээлийн эрх зүйн орчин бүрдээд байна. 

Ийнхүү олон улсын жишигт нийцсэн биржийн бус зах зээлийг СЗХ болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран хөгжүүлснээр биржийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн гарах боломж бий боллоо. Биржийн бус зах зээлийн арилжаа нь 100 хувь цахимаар явагдах бөгөөд ингэснээр хөрөнгө оруулагчдын цаг хугацаа, зардлыг хэмнэж, хөрөнгө оруулахад таатай, хялбар байх болно. Хэрэглэгчдэд санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй байдлаар хүргэх зорилгоор хөгжүүлсэн энэхүү биржийн бус зах зээлийн цахим платформ OTC.MN цахим хуудсыг "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-ийн системтэй холбох ажлыг хийж байна. Энэ хүрээнд Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол СЗХ-нд болов.




Биржийн бус зах зээлийн үйл ажиллагаа нээгдсэнээр компаниудын хувьд компанийн хаалттай өрийн хэрэгслийг арилжаалах эрх зүйн орчин бүрдэж, үнэт цаас гаргахад цаг хугацаа, зардал хэмнэхээс гадна хөрөнгө оруулагчийн зүгээс хаалттай өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээл үүсэх, үнэт цаасны хөрвөх чадвар сайжрах болон мэдээллийн ил тод байдал хангагдах зэрэг олон талын ач холбогдолтой.

Биржийн бус зах зээлийн үйл ажиллагаа нь заавал Хөрөнгийн бирж гэхгүйгээр түүнийг алгасч хийж болох үнэт цаасны худалдаа юм. Тодруулбал, энэ нь үнэт цаасны зах зээл дээр бага хэмжээний хөрөнгө оруулалтыг богино хугацаанд хурдан татахад зориулсан хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа гэж ерөнхийд нь ойлгож болно. Тодруулж хэлбэл, биржийн бус зах зээл нь биржийнхийг бодвол хөрөнгө оруулалтыг шуурхай татах боломжийг олгодог. Ийн учир хөрөнгийн зах зээлд бүрдүүлэх материал, шалгуур бага, энэ талын хяналт шалгалт цөөн байдаг давуу талтай. Тэр бүхнийг эрсдлийг зохицуулагч байгууллагууд бус, хөрөнгө оруулагч өөрөө хянаж үүрдэгээр онцлогтой. Нэг ёсондоо энэхүү зах зээлийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, хөрөнгө оруулалтын эрсдлээ тооцох чадвартай мэргэжлийнхэн оролцдог байна. 


Холбоотой мэдээ