Ч.Номин: Соёлын салбарын “үндсэн хууль”-ийг баталлаа

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-07-02 17:34:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг баталлаа.


Хуулийн талаар Соёлын сайд Ч.Номин, Соёлын дэд сайд М.Батбаяр, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Б.Баярсайхан болон Г.Мөнхцэцэг нар мэдээлэл хийв.


Мэдээллийн эхэнд Соёлын сайд Ч.Номин, "Бид хамгийн түрүүнд улс, эх орныхоо соёлыг дархлаатай байлгах хэрэгтэй. Соёлын дархлааг сайн байлгахын тулд өв соёл, ахуй соёлоо түгээн дэлгэрүүлэх нь чухал. Үүнд, чухал ач холбогдолтой Соёлын салбарын “үндсэн хууль” гэж нэрлэж болохоор хуулийг баталлаа. Энэ хууль 2005 оноос хойш үе үеийн сайд, УИХ-ын гишүүд, УИХ-ын байнгын хорооны дарга нарын хүч хөдөлмөр, оюун санаа, зүтгэлээр бий болж байна. Энэ бол бидний хувьд, соёлын салбарынхны хувьд бахархууштай сайхан өдөр. Монгол соёлыг цаашид түгээн дэлгэрүүлэхэд ямар эрх зүйн орчин шаардлагатай, тэр бүхнийг хуульд шингээж үлдээлээ. Би Засгийн газрын гишүүний хувьд энэ хуулийн хэрэгжилтийг илүү сайн байхад, дагалдан гарах журмыг боловсруулах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд түлхүү анхаарч ажиллана. Нөгөөтээгүүр, бид маш олон соёлын түрлэг дээр байна гэхэд хилсдэхгүй. Тиймээс бид өөрсдийн соёлыг түгээн дэлгэрүүлж, хэрэглээнд оруулах ёстой. Энэ хүрээнд Кино урлагийг дэмжих хуулийг баталсан. Өөрийн соёлыг энэ цаг мөчид амьдарч байгаа үр хүүхэд, залуучууддаа зөв байдлаар, тэдний сонирхдог байдлаар түгээн дэлгэрүүлэхэд хамгийн чухал хууль болж байгаа гэж үзэж байна. Цаашлаад өөрийн орны өв соёл, түүхийг дэлхийд танин мэдүүлэхэд ч чухал нөлөөтэй байх юм. Соёлын тухай болон Кино урлагийг дэмжих хууль Монгол Улсын соёл урлагийн салбарын ажилчдыг дэмжих, тэдний нийгмийн асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.


УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням, “Байнгын хорооноос энэ чуулганаар хоёр томоохон хуулийг эцэслэн батлуулж чадлаа. Соёлын тухай хуульд сүүлийн 15 жил өөрчлөлт ороогүй байсан. Энэ хуулийн үндсэн агуулга нь Монголын соёлын өвийг хадгалах, шинэ тутам орж ирж байгаа соёлын урсгалаас үндэсний өв соёлоо хамгаалах, өв соёлоо эдийн засгийн эргэлтэд оруулах томоохон зохицуулалт хийсэн бодлогын хууль болсон. Соёлын салбартай холбоотой бүхий л харилцааг Төрийн зүгээс хэрхэн зохицуулах асуудлыг тусгасан. Энэ хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллана. Соёлын яамтай болсны эхний үр дүн бол энэ хууль юм. Хоёрдугаарт, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх Кино урлагийг дэмжих тухай хуулийг батлуулж чадлаа. Энэ хуулийн хамгийн том онцлог нь Монголд хөрөнгө оруулалт татах, урлагийн чиглэлээр бизнес бий болгох заалтууд орсон байгаа” гэлээ.

Холбоотой мэдээ