Энэтхэгт өдөрт халдварын 100 мянгаас цөөн тохиолдол бүртгэгдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-06-08 15:25:09

ШИНЭ ДЕЛИ. /Anadolu/. Энэтхэгт даваа гарагт "COVID-19" халдварын 100 мянга хүрэхгүй тохиолдол илэрсэн нь сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд өдөрт бүртгэгдсэн хамгийн бага үзүүлэлт боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.


Тодруулбал, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 86 498 тохиолдол шинээр илэрчээ. Энэ нь сүүлийн 63 хоногийн хугацаанд өдөрт бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдлын тоо анх удаа 100 мянгаас буурсан үзүүлэлт болжээ.


Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо 2123-т хүрч, өмнөх өдрүүдийнхээс буурсан дүн үзүүлжээ. Ингэснээр Энэтхэгт өнөөдрийн байдлаар 28.9 сая хүн халдвар авч, 351 309 хүн халдвараар нас барсан байна.


Өнгөрсөн сард Энэтхэгт халдварын тархалт эрс нэмэгдэж, өдөрт шинээр илрэх халдварын тохиолдлын тоо 400 мянга давж байсан юм. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, улсын хэмжээнд коронавирусний 230 сая гаруй тун вакцин тарьжээ.

Холбоотой мэдээ