Харри, Меган Маркл нар охинтой болжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2021-06-07 08:44:39

ЛОНДОН. /BBC/. Их Британийн хунтайж Харри, түүний гэргий Меган Маркл нар 6 дугаар сарын 4-нд охин үртэй болсноо мэдэгдэж, хоёр дахь хүүхэддээ Лилибет Диана гэсэн нэр хайрлажээ.

Энэ тухай Суссексийн гүн, гүнгийн ахайтан нарын байгуулсан “Archewell” олон нийтийн байгууллагын цахим хуудсанд мэдээлсэн байна. 

Хаан ширээг залгамжлах дараалалд 8 дугаар бичигдсэн охин Харри, Меган Маркл нарын жил гаруй хугацаанд оршин сууж буй Калифорни муж улсын Санта-Барбара хотын эмнэлэгт төржээ.

“Охин 3.5 кг жинтэй төрсөн. Эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа” хэмээн мэдэгдэлд мөн дурдсан байна. 

Их Британийн хатан хаан II Елизаветаг зөвхөн гэр бүлийн гишүүд нь Лилибет гэж дууддаг байна. Тийнхүү ХарриМеган Маркл нарын охиныг хатан хаан II Елизавета болон Харригийн ээж Диана гүнжийн нэрээр нэрлэсэн байна.

Одоогоор Харри, Меган Маркл нар Санта-Барбарад амьдарч, тэндээ 2019 оны 5 дугаар сард мэндэлсэн хүү Арчигаа өсгөж байгаа юм. Хосууд хааны гэр бүлийн ахлах гишүүдийн статусаас татгалзаж, санхүүгийн хувьд хараат бус байхаа мэдэгдсэний дараа АНУ-д нүүж иржээ. 


Холбоотой мэдээ