Чех ОХУ-ын ЭСЯ-ны 60 гаруй ажилтныг нутаг буцаана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-04-23 12:49:00

ПРАГА. /TASS/. Прага хот дахь ОХУ-ын Элчин сайдын яамны /ЭСЯ/ 63 ажилтан Чех улсыг орхин гарах ёстой гэж тус улсын Гадаад хэргийн сайд Якуб Кулганек пүрэв гарагт мэдэгджээ.


“Бид Прага хот дахь Оросын дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудын тоог Москва хот дахь манай ЭСЯ-ны орон тооны байдалтай уялдуулан хязгаарлаж байна. Энэ шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ. Тавдугаар сард багтаан иргэдээ Чехээс эгүүлэн татах тухай мэдэгдлийг Оросын талд хүргүүлсэн” гэж тэрбээр мэдэгдсэн байна.


Москва дахь ЭСЯ-ны ажилтнуудынх нь тоо Прага дахь Оросын дипломат төлөөлөгчийн газрынхтай харьцуулахад хамаагүй бага гэж Чехийн Засгийн газар өмнө нь мэдэгдэж байжээ. Харин Чехийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын Гадаад хэлтсийн дарга Рудольф Йиндракийн мэдэгдэж байснаар, хэрэв соёл, худалдаа-эдийн засгийн төлөөлөгчдийг оруулан тоолбол ОХУ-д байгаа Чех ажилтнуудын тоо эсрэгээрээ "50 орчим хүнээр" илүү аж.


Чехийн  эрх баригчид тус улсын Врбетице тосгон дахь зэвсгийн агуулахад 2014 онд гарсан дэлбэрэлтэд Оросын тусгай албад оролцсон гэж сэжиглэж, Оросын дипломат ажилтнуудыг нутаг буцаасан юм. ОХУ-ын Гадаад хэргийн яам Чехийн талд эсэргүүцлээ илэрхийлжээ.


Холбоотой мэдээ