Эмэгтэй бөхчүүд анх удаа Ази тивд тэргүүлэв

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-04-17 09:06:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази тивийн 2021 оны бөхийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн Алматы хотын “Балуан Шолак” аренад болж, Монголын шигшээ баг 2 алт, 4 мөнгө 1 хүрэл, нийт 7 медальтай багаараа анх удаа тэргүүлэв.


Энэ удаа эмэгтэйчүүдын 55 кг-ын жинд Налайх дүүргийн тамирчин ОУХМ Мөнхболдын Дөлгөөн, 65 кг-д "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Зоригтын Болортунгалаг нар түрүүлж, алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлсэн юм.



Харин 57 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг, 59 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор, 62 кг-д "Аврагч" спорт хорооны тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа, 68 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа нар мөнгөн медалийн эзэд болов. Мөн 72 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Энхбаярын Цэвэгмид нар хүрэл медалиар энгэрээ мялаав.



Эмэгтэй бөхөөр дэлхийд тэргүүлэгч гүрэн Япон, БНХАУ, БНАСАУ эмэгтэй бөхчүүд тодорхой шалтгаанаар энэ удаагийн тивийн аваргыг өнжсөнөөр Монголын эмэгтэй бөхчүүд 173 оноогоор багийн дүнгээр түүхэндээ анх удаа тэргүүлэв. Монголын багаас 5 оноо дутсан Энэтхэгийн бөхчүүд /4 алт+1 мөнгө+2 хүрэл/ аман хүзүүдэж, зохион байгуулагч орон Казахстан /2+1+4/ 156 оноогоор 3 дугаар байрт шалгарсан тухай Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээлэв.




Ази тивийн АШТ өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрлөөр үргэлжилж 57, 65, 70, 79, 97 кг жингийн барилдаанууд болно.


Эмэгтэйчүүдийн тэмцээний дүн:

 

50 кг: 1. Валентина Исламова (Казахстан) 2. Жасмина Иммаева (Узбекистан) 3. Сеема (Энэтхэг)

 

53 кг: 1. Винеш Фогат (Энэтхэг) 2. Мен Шуан Хие (Тайвань) 3. Ассилзат Сагымбай (Казахстан)

 

55 кг: 1. Мөнхболдын Дөлгөөн (Монгол), 2. Мадина Усмонжонова (Узбекистан) 3. Айша Уалишан (Казахстан)

 

57 кг: 1. Аншу (Энэтхэг) 2. Алтанцэцэгийн Батцэцэг (Монгол) 3. Алтынай Сатылган (Казахстан)

 

59 кг: 1. Сарита (Энэтхэг) 2. Баатаржавын Шоовдор (Монгол) 3. Нураида Анаркулова (Кыргызстан)

 

62 кг: 1. Айсулуу Тыныбекова (Кыргызстан) 2. Хүрэлхүүгийн Болортуяа (Монгол) 3. Ирина Кузнецова (Казахстан)

 

65 кг: 1. Зоригтын Болортунгалаг (Монгол) 2. Сакши Малик (Энэтхэг) 3. Ли Хан Бит (БНСУ)

 

68 кг: 1. Меерим Жуманазарова (Кыргызстан) 2. Энхсайханы Дэлгэрмаа (Монгол) 3. Жёон Сун Ун (БНСУ)

 

72 кг: 1. Дивья Какран (Энэтхэг) 2. Жамила Бакбергенова (Казахстан) 3. Энхбаярын Цэвэгмэд (Монгол)

 

76 кг: 1. Эльмира Сыздыкова (Казахстан) 2. Айпере Медет Кызы (Кыргызстан) 3. Поожа (Энэтхэг)

Холбоотой мэдээ