Эмгэн баатрын Далха туг

Орон нутагт | Завхан
emunkherdene@gmail.com
2021-04-16 17:05:57

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Орон нутгийг судлах музей цар тахлын хөл хорионы үеэр цахимаар иргэдэд үйлчилгээгээ үзүүлж байгаа аж. Тус музейн үзмэрүүдийн цахим танилцуулгыг өнгөрсөн жил гэхэд 14 мянга орчим хүн үзжээ. Харин энэ жил "Цахим музей-2021" гэсэн гарчгийн дор ховор үзмэрүүдээ дэлгэрэнгүй тайлбартайгаар байгууллагынхаа нүүр номоор дамжуулан үзүүлж байна. Энэ удаад музейн Шашны танхимд дэглэгдсэн "Эмгэн баатрын Далха туг"-ны танилцуулгыг хүргэж байна.

-“Эмгэн баатрын цэргийн туг “Далха” бурхны хөрөгтэй. Эргэн тойрон өргөн эмжиж хийсэн гадна талд нь гурван хэл, ишинд нь гурван уяа оосортой, дөрвөлжин хэлбэртэй “Туг далха” гэж нэрлэгдсэн торгон туг юм. Энэ туг нь Баатар бэйсийн хошууны ноёд, язгууртан тайж нарт дамжин хадгалагдан хамгийн сүүлд Тосонцэнгэл сумын Идэр багийн уугуул Дамбын Тойвгоод, хүү хурандаа Баттөмөр нарт байсныг 1980 оны сүүлчээр Завхан аймгийн музейн эрхлэгч Д.Дагвадорж үзмэрт авч үзүүллэгт дэглэжээ.

Эмгэн баатрын Далха туг нь Завхан аймгийн музейн шашны танхимын үзүүллэгт дэглэгдсэн ховор үзмэрийн төлөөлөл юм. Уг туг нь 80см x 80см орчмын хэмжээтэй. Тэг дөрвөлжин хэлбэртэй, нэлээд өргөн, улаан шар хүрээн дотор торгон цайвар суурин өнгөн дээр “Далха” бурхныг нарийн дүрсэлж гоёмсгоор үзүүлсэн байдаг. Туг зөвхөн нэг талдаа зурагтай, нөгөө талдаа цулгуй байдаг. Тугийн урд талд нь гурван хэлтэй, дээд хэл болох хөх өнгөн дээрээ “Ум Ара Базана Ди” хэмээх тарнийг бичсэн, дунд хэл болох улаан өнгөн дээр “Ум Мани Бадми Хум” гэсэн тарнийг бичсэн байдаг. Харин доод хэл нь хөх өнгөтэй дээрээ “Ум Базар Вани Хум Пад” гэсэн тарни бичсэн байдаг. Хэлний ишинд гурван оосортой. Уг туг нь Бирваа бэйсийн хошууны Эмгэн баатрын байлдааны туг юм. 1700-аад оны үед дайн байлдааны үед хэрэглэгдэж байсан тодорхойлолттой. Монгол хүний гараар бүтээсэн түүхэн ховор бүтээл болно. Дайн байлдааны баатар ялалтыг бэлгэдэж бүтээсэн, Ойрадын дайнд оролцохоор мордохдоо ялалтыг бэлгэдэж бүтээсэн байдаг юм” гэж аймгийн Орон нутгийг судлах музейгээс мэдээлэв.

Ташрамд та доорх холбоосоор Завхан аймгийн музейн ховор үзмэрүүдийг үзэж болох юм байна.

№01. https://www.facebook.com/zavkhan.museum/videos/163104322017135

№02. https://www.facebook.com/zavkhan.museum/videos/559984358293605

№03. https://www.facebook.com/zavkhan.museum/videos/190279986200461

№04 https://www.facebook.com/zavkhan.museum/videos/8743279000892

Холбоотой мэдээ