Коронавирусний халдварт өвчинтэй тэмцэх шилдэг стратегиуд

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2021-03-23 14:41:13

ЛОНДОН. /BBC/. Дэлхийг донсолгосон коронавирусний халдварт өвчний улмаас 2.7 сая гаруй хүн нас барж, халдварын 124.3 сая тохиолдол бүртгэгджээ. Үүнтэй холбоотойгоор "BBC"-гийн сэтгүүлч Жейн Корбин коронавирустэй тэмцэх хамгийн шилдэг стратегүүдийг танилцуулсан байна. 


"Өнгөрсөн нэг жилийн хугацаанд коронавирусний нөхцөл байдлын талаар сурвалжлахдаа би дэлхийн удирдагчид, эрүүл мэндийн салбарын ахлах албан тушаалтнууд вирустэй тэмцэхдээ юуг эн тэргүүний зорилгоо болгон ажиллаж байгааг нь олж мэдэхийг хүссэн юм" хэмээн тэрбээр тэмдэглэжээ.


Халдварт өвчний болон нас барсан тохиолдлуудыг тогтоон барихад түүнд хамгийн үр дүнтэй санагдсан дөрвөн гол чиглэлээс дурдвал:


  • Хилийн хяналт болон хилээр нэвтэрч буй хүмүүст тавих үр дүнтэй алхмууд
  • Халдвар авсан байж болзошгүй хүн бүрийг шалгах
  • Халдварыг тогтоон барихын тулд хөл хорионы дэглэмээ сахиж буй хүмүүстээ нийгмийн дэмжлэг үзүүлэх
  • Үр дүнтэй манлайлал болон олон нийттэй цаг тухайд нь тууштай мэдээлэл солилцох  

Хэн ч бүхнийг зохих ёсоор зөв хийсэн гэдгийг батлан хэлж чадахгүй. Гэсэн ч доор дурдагдах алхмууд нь үр дүнгээ үзүүлж чадсан, дэлхийн өнцөг булан бүрээс хэрэгжүүлж буй бодлогууд юм. 


Алхам 1: Бэлэн байдал

БНСУ-ын Сөүл хотод амьдардаг Стэнли Парк охин Жу Ёноо нисэх онгоцны буудлаас тосож авахдаа түүнийг тэврэлтээр бус амны хаалт, ариутгагч цацлага барин угтжээ.


Стэнлигийн хувьд коронавирусний цар тахал нь цар тахлыг үзсэн анхны тохиолдол биш юм. Тэрбээр Зүүн Азид 2015 онд дэгдсэн Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж /MERS/ айдас, гамшиг дагуулж байсныг санадаг.


Тухайн үедээ Засгийн газар эрүүл мэндийн салбарт үүсэж болзошгүй гэнэтийн нөхцөл байдал, түүнд авах хариу арга хэмжээний бэлэн байдлыг дээшлүүлэхийн тулд 48 шинэчлэл хийж байсан туршлагаасаа БНСУ суралцжээ. Коронавирусний халдвар дэгдэх үед албан тушаалтнууд үндэсний хэмжээнд аж ахуй нэгж байгууллагуудаа хааж, гэртээ байгаа хүмүүст хатуу хязгаарлалт тавихгүйгээр тархалтын муруйг богино хугацаанд тэгшитгэж чаджээ.


Жу Ён хоёр долоо хоногийн хатуу хөл хорионы дэглэмээ гэртээ сахих үеэрээ түүний чиглэлийг хянадаг хавсралтыг утсандаа татаж, холбогдох хүмүүсээс зургаан удаа дуудлага хүлээн авчээ.


Алхам 2: Шинжилгээнд хамруулах, мөшгөх, ажиглах

“Чадал сорьсон цаг үе тохиож байна. Бид хүнийг хараад л халдвартай эсэхийг нь мэдэх боломжгүй учир илрээгүй хэдэн зуун тохиолдол ч байх боломжтой юм” хэмээн Их Британийн эмч Дэвид Жожес ярьжээ.


Гуравдугаар сарын эцсээр хөл хорио тогтоохоос өмнө халдварын маш олон тохиолдол илэрч, нөөц хязгаарлагдмал байсан учир Их Британийн Засгийн газар шинжилгээгээ зогсоожээ. Шинжилгээг зөвхөн эмнэлгүүдэд өгөх боломжтой байсан аж. Халдварын тохиолдлуудыг хянаж, шалгах хөтөлбөрийг Засгийн газар 5 дугаар сард албан ёсоор нэвтрүүлсэн байна. 


БНСУ-д эмнэлгүүд шинжилгээг газар дээр нь боловсруулж, дүн нь дийлэнхдээ 4-5 цагийн дотор гарч байна. Харин Их Британид нэг өдөр юмуу түүнээс илүү өдрийн хугацаа шаардагдаж байгаа аж.


Өмнөд Солонгост эмнэлгийн ойролцоох замуудад хяналтын багийнхан сэжигтэй тохиолдлуудыг шалгаж байна. Тус баг нь сэжигтэй тохиолдлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, гар утасны мэдээллийг олж авах боломжтой аж. Түүнчлэн хяналтын камераар нөхцөл байдлыг хянаж байдаг аж.


Улс оронд нь халдварын анхны тохиолдол илрэхээс өмнө нөхцөл байдалд хяналт тавих үүрэг хариуцлагыг БНСУ Ерөнхий сайд Чун Се Кюн өөртөө хүлээж, “Test, track and trace” гэсэн гурван “Т”-г эн тэргүүний зорилт болгожээ.


Алхам 3: Хөл хорих үеэр дэмжлэг үзүүлэх

“Хүмүүсийг гэрт нь байлгах нь коронавирусийг тогтоон барьж чадсан гол шалтгаан юм” гэж Энэтхэгийн Керала хотын эмнэлгийн ажилтан Уша Кумари ярьжээ.


Өөрийгөө тусгаарлах шаардлагатай байгаа хүмүүст дэмжлэг үзүүлэх нь Ушагийн үүрэг юм. Гэрээс нь гаргахгүйн тулд Уша тусгаарлагдсан хүмүүст шаардлагатай бараа бүтээгдэхүүн, эмээ авахад нь тусалдаг байна.  


Үүгээр ч зогсохгүй гэртээ болон эмнэлэгт тусгаарлагдаж байгаа 600 хүнд үнэгүй хоол хүргэх, сэтгэл зүйн эрүүл мэндийн тусламж үзүүлэх үйлчилгээг Керала хотод санал болгожээ. 


35 сая хүн амтай Керала хот өнгөрсөн оны 3 дугаар сард халдварын хамгийн өндөр тохиолдол илэрсэн Энэтхэгийн хот байсан бол одоо халдварын улмаас нас барсан тохиолдлын тоогоор хамгийн бага үзүүлэлттэй хотод тооцогдож байна. 


Алхам 4: Настай иргэдээ халамжлах

Германы эмч Лиза Федерле дөрөвдүгээр сарын эхээр халдварт өвчин тархахаас сэргийлэхийн тулд Тюбинген хотын асрамжийн газрын хүмүүсээс шинжилгээ авч эхэлжээ.


Тус хотын дарга Борис Палмер мэдэгдэхдээ,  бид эрсдэлд орох магадлалтай хүмүүсээ тусгайлан хамгаалах хэрэгтэй гэжээ. Итали, Испанид настай хүмүүст халдвар хэрхэн тархаж буйг анзаарсныхаа дараа тэрбээр ийнхүү мэдэгдсэн байна.


Ингээд Палмер төсвөө юун түрүүнд настай оршин суугчдыг халамжлан хамгаалахад зарцуулжээ. Тухайлбал, такси үйлчилгээ, гэрт нь үнэгүй амны хаалт хүргэж өгөх, худалдан авалт хийх тусгай хугацаа өгөх зэрэг үйлчилгээг үзүүлсэн байна. Үүний ачаар хотын эмнэлэгт бага тооны өвчтөн хүлээн авч, эмнэлгийн үйл ажиллагаа доголдоход хүрээгүй аж.


Алхам 5: Вакцинжуулалтын стратеги

Их Британид вакцинжуулалтын хөтөлбөрийн хүрээнд 26 сая гаруй хүн коронавирусний вакцины эхний тунг хийлгэжээ. Гэсэн ч хүн амынхаа тал гаруй хувийг вакцинжуулаад байгаа Израилаас хоцорч байна. Израил вакцинжуулалтын хөтөлбөртөө томоохон амжилт гаргаж, дэлхийд тэргүүлж байгаа юм.


Их Британи төлөвлөлтөнд ихээхэн хүчин чармайлт гаргасан нь вакцины асуудлаар багагүй амжилтад хүрэхэд нөлөөлжээ. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газар коронавирусний анхны тохиолдол илэрсэн нь батлагдахаас өмнө хүн амыг олноор нь вакцинжуулах хөтөлбөрийг төлөвлөж эхэлжээ. Өнгөрсөн зун Их Британийн Засгийн газар “Oxford-AstraZeneca” компанийн вакцинаас 100 сая тунг, “Pfizer-BioNTech”-н вакцинаас 30 сая тунг нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан байна.

Холбоотой мэдээ