Торонтод болсон "Монгол орны хөгжилд" чуулганд 100 гаруй төлөөлөгч оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-06-14 11:03:54

Монгол Улсын Гадаад хэргийн яам, Цахим Өртөө ТББ, Их Британи дахь Монголчуудын Холбоо, Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл, Канад, Монголын худалдааны танхим, Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам хамтран “Монгол орны хөгжилд” 12 дугаар чуулга уулзалтын хүрээнд “Гадаад дахь бизнес эрхлэлтийн орчин, туршлага” сэдэвт 3 дугаар уулзалтыг 2016 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Торонто хотноо зохион байгууллаа.

Чуулга уулзалтад Монгол Улсаас Канад Улсад суугаа ЭСЯ, Канад Улсын Ванкувер, Торонто, Монреаль, Оттава, Калгари, Саскатүүн хотуудын Монголчуудын холбоодын төлөөлөгчид, Канад Улсад амьдарч буй Монгол Улсын иргэд, оюутан, залуус, АНУ-аас хүрэлцэн ирсэн монгол иргэдээс бүрдсэн 100 гаруй төлөөлөгч оролцов.

Чуулга уулзалтын үеэр Монгол Улсаас Канад Улсад суугаа ЭСЯ-наас Монгол, Канадын хамтын ажиллагааны талаар танилцуулга хийж, ЭСЯ-ны зүгээс Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах, төрийн үйлчилгээг үзүүлэхтэй холбогдсон дэлгэрэнгүй мэдээллийг хийв. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсыг гадаадад сурталчлах бодлогыг тодорхойлох, нэгдсэн зохицуулалт, чиг үүргээр хангах, хилийн чанад дахь монгол иргэд болон иргэдийн үүсгэл санаачилгаар байгуулагдсан төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй тодорхой ажлуудыг танилцуулав. Энэ хүрээнд “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”. “Дэлхийн Монголчууд хөтөлбөр”-ийг Засгийн газрын энэ оны эхний хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлуулсан болохыг мэдээлэв.

Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яамны үйл ажиллагааны үндсэн зорилтуудын нэг нь Канад Улсад аж төрж буй Монгол Улсын иргэдийн хууль ёсны эрхийг хамгаалах, тэдний сайн үүсгэл санаачилгыг дэмжих асуудал бөгөөд энэ чиглэлд ЭСЯ идэвх, санаачилгатай ажиллахад анхаарч байгаа тухай тэмдэглэн, сүүлийн үед зохион байгуулсан тоймтой ажлыг иргэдэд танилцуулж иргэдээс гарсан санал зөвлөмжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.

​Чуулга уулзалтад Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн дарга Б.Энхтүвшин, Цахим өртөө холбоо, ТББ, Их Британи дахь Монголчуудын Холбооны тэргүүн Д.Цэрэнбат нар цахим хэлбэрээр оролцож санал бодлоо солилцов.

Холбоотой мэдээ