“Би нисэх дуртай” тэмцээнд сурагчид 61 загвараар өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-03-22 18:46:42

Булган /МОНЦАМЭ/ Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойд зориулсан “Би нисэх дуртай” нисэх загварын тэмцээн Булган аймагт өнгөрсөн амралтын өдөр боллоо.

Тус тэмцээнд сурагчид нийт 61 загвараар 4 төрлийн тэмцээнд оролцлоо. Хялбар хийцтэй планерийн төрөлд Баяннуур сумын ЕБС-ийн 5-р ангийн сурагч Н.Элбэгбаяр, мөн сургуулийн 8-р ангийн сурагч М.Нандинбаатар, Тэшиг сумын ЕБС-ийн 10-р ангийн сурагч Ү.Үнэнбаяр нар эхний байр эзэллээ.

Баяннуур сумын ЕБС-ийн 2-р ангийн сурагч, 7 настай Г.Бишрэлтийг хамгийн залуу, өсөх ирээдүйтэй нисэгчээр шалгаруулав. Мөн Планерийн төрөлд “Хамгийн зоригтой нисэгч хүүхэд”-ээр Сэтгэмж клубийн суралцагч М.Жавхлан, уран нислэгийн төрөлд “Хамгийн сайн хийцтэй онгоцны жолоодогч хүүхэд”-ээр Сэтгэмж клубийн суралцагч О.Саяннямбуудоо, пуужин загварын төрөлд “Хамгийн шилдэг туршигч нисэгч хүүхэд”-ээр Орхон сумын сургуудийн сурагч З.Тэмүүлэн нарыг шалгаруулав.

Багийн дүнгээр суурь боловсролын сургуулиас дүрслэх урлаг, дизайн технологийн багш Ё.Пүрэвдорж ахлагчтай Баяннуур, дуу хөгжим, дүрслэх урлаг, дизайн технологийн багш Ц.Идэр ахлагчтай Хангал, дүрслэх урлаг, дизайн технологийн багш Б.Энхзул ахлагчтай Орхон сумын сургуулийн баг, бүрэн дунд боловсролын сургуулиас Д.Ганболд ахлагчтай “Булган Сэтгэмж” клуб, дизайн технологийн багш Д.Эрдэнэбулган ахлагчтай Хялганат тосгон, дүрслэх урлаг, дизайн технологийн багш Г.Жадамба ахлагчтай Булган сумын 3-р сургуулийн баг эхний байр эзэллээ.

- Нийтдээ 13 сумын 16 багийн 50 сурагчийг 18 багш удирдан чиглүүлж, эцэг эхийн төлөөлөлтэйгээр бага, дунд, ахлах ангийн хүүхдүүдээс баг бүрдүүлж оролцсон. “Булган Сэтгэмж” клубийн багш Д.Ганболд, Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн багш Д.Нэргүй, Д.Золбаяр нар “Пуужин болон планер”-ийн таван өдрийн сургалт зохион байгуулж, тэмцээн зохион байгуулсан. Ахмад багш Т.Загдаа, Д.Галбадрах, Булган сумын дүрслэх урлаг, дизайн технологийн багш нар мэдлэг чадвар, сургалтын техник хэрэгслээр дэмжин хамтран ажиллалаа гэж аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын Боловсролын бодлого төлөвлөлт, захиргаа аж ахуйн албаны дарга Ж.Орхонтуул ярилаа.

Холбоотой мэдээ