МАН нэр дэвшигчиддээ маш өндөр шалгуур тавьсан гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-06-13 07:06:36

Өвөрхангай аймгийн Монгол Ардын Намын хорооноос Арвайхээр суманд нэр дэвшиж буй 12 нэр дэвшигчээ танилцуулах, сонгуульд хэрхэн оролцох талаараа үнэн зөв мэдээлэл өгөх зорилгоор хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 3, аймгийн ИТХ-д 41,  үүнээс Арвайхээр хотын 11 тойрогт 12, сумдын 18 тойрогт 29 нэр дэвшигчээ илгээж байгаа аймгийн Монгол Ардын Нам "Илүү ихийг бүтээж, иргэдийнхээ орлогыг өсгөе" уриан дор сурталчилгаагаа эхлүүлээд байна.

Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд хэлэхдээ “Энэ удаагийн сонгууль нь УИХ болоод Орон нутгийн сонгууль зэрэг болж байгаагаараа онцлог юм. Тиймээс МАН нь нэр дэвшигчдэдээ маш өндөр шалгуур тавьж, нутгийн ард түмний санал, олон удаагийн судалгаанд тулгуурлан тодруулсан” гэв.

Мөн аймгийн МАН-ын хороо нь өнгөрөгч дөрвөн жилд дэвшүүлсэн “Бүтээлч Өвөрхангай” хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж, олон бүтээн байгуулалтыг Өвөрхангайд бий болгосон, энэ удаа  “Бүтээлч Өвөрхангай -2020” хөгжлийн хөтөлбөрөө олон түмэнд өргөн бариад байна гэдгийг онцоллоо. Багийн ИНХ-аар дамжуулан ард иргэдийн дунд олон удаагийн санал асуулга явуулж, нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд уг мөрийн хөтөлбөрийг боловсруулсан хэмээн аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал хэлж байлаа.

Ийнхүү аймгийн Монгол Ардын Намын хорооноос өрсөлдөгчөө муулж, шүүмжлэхгүй, нэр хүндийг нь харлуулахгүйгээр шударга өрсөлдөхөө илэрхийлж, сонгогч түмнийг зөв сонголт хийхийг уриалсан юм.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ