“BioNTech” энэ жил 2 тэрбум тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-02-02 10:27:59

БЕРЛИН. /DW/. Германы “BioNTech” компани энэ жил 2 тэрбум тун коронавирусний вакцин үйлдвэрлэхээр төлөвлөснөө мэдэгджээ.


"Дэлхийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахын тулд бид 2021 онд 2 тэрбум тун “COVID-19”-ийн вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж, үйлдвэрлэлийнхээ хэмжээг 50 гаруй хувиар нэмэгдүүллээ" гэж мэдэгдэлд дурджээ. "Бид үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөжүүлэх зөв зам дээрээ байна" гэж Америкийн “Pfizer” компанитай хамтран коронавирусний вакцин гарган авсан тус компани мэдэгдэлдээ онцолсон байна.


“BioNTech” компани мөн Бельги дэх үйлдвэрийн үйл ажиллагааг өөрчлөн зохион байгуулах ажил амжилттай дууссаныг мэдээлэв. “Одоо бид вакцинаа хуваарийн дагуу Европын Холбооны орнуудад нийлүүлнэ” гэж “BioNTech” компани мэдэгжээ. Үүнээс гадна, хоёрдугаар сараас Маргбург хот дахь үйлдвэрт вакцин үйлдвэрлэж эхлэхээр болсныг мэдээлсэн байна. Уг үйлдвэрийг тус компани Швейцарын  “Novartis” компаниас худалдаж авчээ. 

Холбоотой мэдээ