Зорилтот бүлгийн малчин өрхөд тусламжийн багц олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-01-16 12:49:38

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн өвөлжилт хүндэрсэн зарим сумын зорилтот бүлгийн малчин өрхөд тусламжийн багц олгоно.


НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас ХХААХҮЯ-тай хамтран “Зорилтот бүлгийн малчин өрхийн амьжиргааг зудын эрсдэлээс хамгаалахад дэмжлэг үзүүлэх” техник туслалцааны төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төсөлд зудын эрсдэл өндөр байгаа Говь-Алтай аймгийн Бигэр, Бугат, Дэлгэр, Тонхил, Төгрөг, Халиун, Цээл, Чандмань зэрэг сумын зорилтот бүлгийн малчин өрхөд хорголжин тэжээл, уургаар баялаг рапсын шахдас, амин дэм эрдсийн нэмэлт бүтээгдэхүүнийг багц болгон олгох аж. Тодруулбал, өвөлжилт хүндэрсэн сумдын зорилтот бүлгийн малчид буюу хонин толгойд шилжүүлснээр 300 ба түүнээс цөөн тооны малтай, хөдөлмөрийн насны, өрх толгойлсон, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнтэй, мал аж ахуйгаас өөр амьжиргааны эх үүсвэргүй, отор нүүдэл хийх бүл, чадал муутай нийгмийн зорилтот бүлгийн 1000 өрхийг сонгон амьжиргааны хөрөнгийг хамгаалах хүмүүнлэгийн яаралтай тусламжийг ийнхүү үзүүлэх юм.

Нэг жилийн хугацаанд хэрэгжих техник туслалцааны энэ төслийн хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн нөөц боломжийг олон улсад мөрдөгддөг заавар стандартын дагуу бэхжүүлэх үйл ажиллагаа төлөвлөгдсөн байгаа ажээ.


Холбоотой мэдээ