Бразил “AstraZeneca”-н вакцины үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-23 11:19:43

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Globo/. Бразилын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Освалд Крузын нэрэмжит “Fiocruz” судалгааны нийгэмлэг хоёрдугаар сарын эхний хагас гэхэд коронавирусний нэг сая тун вакцин үйлдвэрлэсэн байхыг зорьж байна.


Бразилын “Fiocruz” нийгэмлэг Оксфордын их сургуулийн “AstraZeneca” компанитай хамтран гарган авсан вакциныг үйлдвэрлэж байгаа бөгөөд хоёрдугаар сарын эцэс гэхэд үйлдвэрлэлийн хэмжээгээ өдөрт 700 мянган тун болгож нэмэгдүүлж магадгүй байна. 


Харин Бразилын Эрүүл мэндийн сайд Эдуарду Пазуэллу мэдэгдэхдээ, “AstraZeneca”-н вакцинаас гуравдугаар сарын эцэс гэхэд 100 сая тунг, ирэх жилийн хоёрдугаар улиралд 160 сая тунг үйлдвэрлэх боломжтой гэжээ. 


Оксфордын их сургууль, “AstraZeneca” компанийн эрдэмтдийн гарган авсан коронавирусний вакцины үйлдвэрлэлийг улс орондоо нутагшуулах, хамтран судалгаа хийх асуудлаар Бразилын Эрүүл мэндийн яам 6 дугаар сарын сүүлчээр тохиролцоонд хүрчээ. 


Одоогоор  Бразилд коронавирусний нийт дөрвөн вакцины эмнэлзүйн туршилт явуулахыг тус улсын Үндэсний эрүүл мэндийн хяналт тандалтын “Anvisa” агентлаг зөвшөөрчээ. Үүнд “AstraZeneca”-гаас гадна Хятадын “Sinovac Biotech”, америкийн “Pfizer” болон “Janssen-Cilag” компаниудын вакцинууд багтаж байна.

Холбоотой мэдээ