Арабын хавар-10 жил: Амьдрал тарчиг хэдий ч ардчилалд итгэсэн хэвээрээ

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2020-12-22 10:20:49

“Арабын хавар” гэж нэрлэгддэг өргөн олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа Ойрхи Дорнодод дэгдсэнээс хойш яг 10 жил өнгөрчээ. Тэр үеэс хойш амьдрал нь муудсан гэдгийг тус бүс нутгийн оршин суугчдын ихэнх нь хэлж байгаа боловч тэд ардчилалд итгэсэн хэвээрээ. Ялангуяа хувьсгалыг “хөнгөн хэлбэрээр туулж өнгөрүүлсэн” хүмүүс хувьсгалд нааштай хандаж буй нь илт.


ВВС агентлагийн тоймчид Ойрхи Дорнодын 13 улсад Арабын болон Британийн судлаачдын тус тусдаа явуулсан хоёр санал асуулгын дүнд дүгнэлт хийжээ. Санал асуулгууд нь 10 жилийн өмнөх үйл явдалд хүмүүс хэрхэн хандаж байгаа болон төр засаг солигдсоноор тухайн улсад ямар өөрчлөлт гарсан бэ гэдгийг тодруулах зорилготой байв. 


Хувьсгалын эхлэл


2010 оны 12 дугаар сарын 17-ний өдөр Тунисийн Сиди-Бу-Зид хотын 26 настай, ажилгүй иргэн Мохаммед Буазизи өөрийгөө шатаан егүүтгэснээр эхэлсэн  уг үйл явдал 24 жилийн турш Тунисийг захирсан Зин аль-Абидин бен Али-г засгийн эрхнээс зайлуулснаар төгссөн билээ. Жимс ногоо зарахыг зөвшөөрснийхөө хариуд хахууль нэхсэн хотын албан тушаалтнуудтай Буазизи муудалцсаныхаа дараа өөрийгөө шатаан егүүтгэсэн байна.  

Сиди-Бу-Зид хотын төв талбайг Мохаммед Буазизи-гийн нэрэмжит болгожээ 


“Даалуу ханаран нурах” нөлөөний үйлчлэлээр Тунисийн хувьсгал Арабын бусад улсад түгэн тархсанаар Ливийн удирдагч М.Каддафи алагдаж, Египетийн Ерөнхийлөгч Х.Мубарак шоронд 6 жилийг өнгөрүүлсэн бол Оросын цэргийн оролцоотойгоор Сирийн Ерөнхийлөгч Башар Асад засгийн эрхэнд үлдэж чадлаа.


Өөдрөг бодол


Катар дахь Арабын улс төрийн судалгааны төвөөс 10 дугаар сард явуулсан өргөн цар хүрээтэй санал асуулгыг зохион байгуулахад 900 социологич оролцсон бөгөөд тэд 13 улсын 30 мянган иргэнд асуулт тавьж, хариулт авахын тулд нийтдээ 820 мянган км замыг туулж, 70 мянган цаг ажиллажээ. 


Санал асуулгын дүнг үзвэл, Арабын орнуудын иргэдийн 76 хувь нь ардчиллын үзэл санааг дэмждэг бөгөөд тэдний 74 хувь нь хариулахдаа “олон ургальч үзэл, чөлөөт сонгууль бол улс оронд хэрэгтэй зүйл” гэж үздэг байна.  58 хувь нь “Арабын хавар”-ыг эерэгээр үнэлсэн бол 48 хувь нь “хувьсгал зорилгодоо бүрэн хүрээгүй, гэхдээ хэзээ нэгэн цагт заавал хүрнэ” гэдэгт итгэлтэй байна.

 

Гутранги хариулт  

 

Катарын социологчдын асуултанд хариулсан хүмүүсийн 91 хувь нь “улс оронд нь авлига дэндүү их газар авсан” гэдгийг онцлон дурджээ.


Харин Британийн “Guardian” сонин ба социологийн судалгааны “YouGov” төвийнхөн Судан, Алжир, Ирак, Египет, Ливи, Сири, Йемен гэсэн 8 улсад санал асуулга явуулсан бөгөөд “Арабын хавар”-т их бага ямар нэгэн хэмжээгээр өртсөн эдгээр улсын 4-д нь зэвсэгт мөргөлдөөн өнөөг хүртэл үргэлжилсээр, эдийн засаг нь сүйрээд байгаа юм.  


Зөвхөн Тунис улс дотоодын сөргөлдөөн, төрийн эргэлт гэх мэтээс зайлсхийж чадсан ба ардчилсан шинэчлэлийн тал дээр амжилт олсон хэдий ч эдийн засаг нь хямралд ороод байна. Египетийн тухайд, эргэлдсээр байгаад эхнийхээ байран дээр эргэж ирээд байна. Аядуу үзэлт исламистуудын удирдлагад хэсэгхэн хугацаанд байсан тус улсын засгийн эрхэнд талийгаач Мубаракийн хамтран зүтгэгч, генерал Фаттах аль-Сиси гарч иржээ. 


Францад хоёр зууны өмнө ярьдаг байсан нэгэн хэлц үг бий. “Аливаа хувьсгалыг цаг тухайд нь хийгээд дуусгаж байх хэрэгтэй” гэж. Гэтэл Сирид цус асгаруулсан иргэний дайн бараг 10 жил үргэлжилж байгаа бол Йемен, Ливи, Суданд байлдааны ажиллагаа зогсоогүй л байна.


Эдгээр улсын иргэдийн талаас дээш хувь нь /сиричүүдийн ¾ нь/ хариулахдаа “хувьсгалын өмнөх үетэй харьцуулахад амьдрал нь доройтсон” гэдгийг хэлж байна. Харин хувьсгалын ачаар амьдрал нь сайжирсан гэж тунисчуудын 27 хувь нь хариулсан бол уг тоо бусад улсад 25 хувьд хүрсэнгүй. Ирак, Египет, Алжирын иргэдийн 1/3 орчим хувь нь юу ч өөрчлөгдөөгүй гэж хариулсан байна.


Дээрх 8 улсын иргэдийн ихэнх нь хүүхдүүдийнх нь ирээдүй сайн сайхан байна гэдэгт итгэхгүй байгаа бол Сири, Йеменд гутранги үзэлтнүүдийн тоо өөдрөг бодолтнуудынхаас 10 дахин олон байх жишээтэй. 


Үүний сацуу, санал асуулгад оролцогчдын ихэнх нь /Сирид 92 хувь, Йеменд 87 хувь/ баян ядуугийн ялгаа сүүлийн 10 жилд нэмэгдсэн гэдгийг хэлж байна.


Харин тунисчуудын ихэнх нь илүү эрх чөлөөтэй болсон гэдгээ мэдэрч байгаа ажээ. Санал асуулгад оролцогчдын 86 хувь хэлэхдээ “засгийн газрыг чөлөөтэй шүүмжлэх боломжтой болсон, үндэслэлгүйгээр баривчлан хорьдог аюул багассан” гэжээ. Гэтэл египетчүүдийн бараг тал хувь нь хариулахдаа “Мубаракийн үетэй харьцуулахад үг хэлэх эрх чөлөө хумигдсан” гэдгийг дурдсан байх жишээтэй.


Йемен, Сири, Ливиэс бусад улсын иргэдийн ихэнх нь хувьсгал болсон, түүнд оролцсон гэдэгтээ харамсахгүй байгаа ажээ.  


Бүгд Израилийн эсрэг


Арабын орнуудын иргэд Израиль, АНУ-д болон терроризмын асуудалд хэрхэн ханддагийг Катарын судлаачид тандахад, санал асуулгад оролцогчдын 88 хувь нь еврейн улстай харилцаагаа хэвийн болгохын эсрэг саналтай байжээ.  Зөвхөн Саудын Араб улсад л хариулж чадахгүй тээнэгэлзэж буй хүмүүсийн тоо харьцангуй олон байв.

 

Арабчуудын талаас илүү хувь нь Ойрхи Дорнодын талаарх АНУ-ын бодлогод сэтгэл дундуур байсан бол 92 хувь нь “Лалын улс” бүлэглэлд таашаадаггүй гэдгээ илэрхийлжээ.  


Арабын орнууд 10 жилийн дараа:  


ТУНИС


Энэ улсад “Арабын хавар” эхэлж, хамгийн амжилттай өрнөж дууссан гэж хэлж болно. 2014 онд тунисчууд Шинэ Үндсэн хуулиа баталснаар улс төрийн эрх чөлөө, эмэгтэйчүүдийн эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, олон намын тогтолцоог баталгаажуулж чаджээ. Түүнээс хойш 3 удаа чөлөөт  сонгууль болсон байна.


Харин өнгөрсөн хугацаанд ядуурлын түвшин өндөр хэвээрээ, ажилгүйдэл 15 хувьд хүрч, улсын өр 2 дахин нэмэгдсэнээс гадна авлига, нийгмийн тэгш бус байдлыг арилгаж чадсангүй. Тунисын нийслэлийн гудамжаар явж байсан нэгэн хүнтэй ярилцахад“эрх мэдэл, нөлөөтэй хүмүүс бүхнийг гартаа оруулж авсан бол залуучууд гудамжинд идэх хоол хайгаад явж байна” гэж байлаа. “Арабын хавар”-ын хувьсгалын 10 жилийн ойгоо тунисчууд эсэргүүцлийн жагсаал хийж, ажил хаялт зохион байгуулан тэмдэглэж байна. 


6 мянга орчим хүн “Исламын улс” террорист байгууллагын эгнээнд элсэхээр Ирак, Сири рүү явжээ.


Шашнаас ангид намууд ба шашны намуудын хоорондын зөрчил сөргөлдөөн нь улс төрийн тогтворгүй байдлыг бий болгожээ. Улс төрийн дээд зиндааныхан ямар ч зүйлийг хийх чадваргүй, сонирхолгүй байгааг иргэд шүүмжилсээр байна.


“Арабын хавар”-ын 10 жилийн ойн өмнөхөн Тунисийн эдийн засагч Хашеми Алайя долоо хоног тутмын Arab Weekly сэтгүүлд нөхцөл байдлыг дүгнэн бичихдээ “Тунис улс хэзээ дэлбэрэх нь тодорхойгүй байгаа галт уулын орой дээр сууж байгаа мэт санагдана” гэжээ.


ЕГИПЕТ


“Талийгаачийг сайнаар дурс, эсвэл огт бүү дурс” гэж ярилцдагийн адилаар хувьсгалаар түлхэгдэн унасан Хосни Мубаракийг сайнаар дурсахгүй юмаа гэхэд буруутгахгүй байя гэсэн зарчим энэ улсад үйлчилсээр байна. Үүний зэрэгцээ түүнийг явснаас хойш болсон үйл явдалд сэтгэл дундуур байдаг хүмүүс олон бий.     


Өдгөө Египет орон шашнаас ангид үзлийг баримтлагчид ба шашны үнэт зүйлсийг дээдлэгчид гэсэн хоёр хэсэгт хуваагдаж, шашны талынхан үл ялиг давамгайлж байна. Анхны ардчилсан сонгуулиар гарч ирсэн ерөнхийлөгч бол “Ах дүү мусульманчууд” байгууллагатай холбоо бүхий Мухаммед Мурси байлаа. Тэрбээр аядуу үзэлт исламист байсан юм. Гэтэл хотын дундаж давхаргынхан, сэхээтнүүд ба цэргийнхэн амьдралын хэвшил, хувийн эрх чөлөө нь хумигдана гэхээс болгоомжлох болов.

2013 онд Мурсигийн бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөн дэгдэж, улмаар төрийн эргэлт болон хувирснаар фельдмаршал Абдель Фаттах ас-Сиси засгийн эрхэнд гарав. Мубаракийг шоронгоос сулласнаар улс төрийн хувьд Египет орон түүний эрин үе рүү буцаж ирлээ. Засгийн газрын бодлого нь мөнгө санхүүгээ хэмнэх, сөрөг хүчнийг дарахад чиглэж байна. 2016, 2019 онд дэгдсэн гудамжны эсэргүүцлийн ажиллагаануудыг тараасан ба одоо хэвлэлүүд эрх баригчдыг шүүмжлэхээс айж байгаа бол нийгмийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийг мөрдөн хавчсаар.     

 

ЛИВИ

 

42 жил улс орныг удирдсан Муамар Каддафийг түлхэн унагаснаас хойш 9 жилийн дараа ливичүүд улс төрийн хямрал эцэс болоосой хэмээн хүсэн хүлээсээр байна.  


2014 оноос хойш тус улс баруун ба зүүн гэсэн хоёр хэсэгт хуваагджээ. НҮБ-ын хүлээн зөвшөөрсөн эвслийн засгийн газар нутгийн баруун хэсгийг, түүний дотор нийслэл Триполи хотыг хяналтандаа байлгаж байгаа бол зүүн нутгийг Египет, Орос хоёроос тусламж авч буй маршал Халифа Хафтар захирч байна. Талууд Орос, Турк хоёрын зуучилснаар хэлэлцээ хийж байгаа боловч эвлэрэл тогтоох найдвар тун бага байна.

Ливичүүдийн ихэнх нь ядуу зүдүү амьдарч, хотуудад байнга цахилгаан тасарсаар. Тус улсын эдийн засгийн гол түүчээ болох нефть олборлолтын салбар ихээхэн хохирол амсчээ. Хэвлэлийнхэн болон нийгмийн сүлжээний хэрэглэгчид хоорондоо эвлэршгүй дайснууд болж, талуудын үзэл суртлын дуу хоолой болон хувирчээ.


СИРИ


“Арабын хавар” дэгдсэний дараа бүс нутаг дахь хамгийн тогтворгүй улс нь Сири болсон. Нөгөө талаас, тус улсын удирдагч Б.Асад бол олон нийтийн шахалтанд тэсэн тогтож үлдсэн цорын ганц хүн юм. Одоо түүний цэрэг ихэнх нутагт, түүний дотор хүн ам шигүү суурьшсан баруун нутагт хяналтаа тогтоогоод байна. Үүнд Орос, Иран хоёрын тусламж гол үүрэг гүйцэтгэсэн.


Туркийн дэмжлэгийг хүлээж буй сөрөг хүчнийхний эцсийн түшиц газар нь баруун хойд нутгийн Идлиб муж болоод байна. Туркууд холбоотноо дэмжих үүднээс 2016 оноос хойш 3 удаа Сирийн хилийг давуулан цэргээ илгээж байлаа.


“Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцэлд чухал үүрэг гүйцэтгэсэн Курдын зэвсэгт отрядууд зүүн ба хойд нутгийн зарим хэсгийг эзлээд байна. 


Дайн дэгдсэн 2011 оны 3 дугаар сараас хойших хугацаанд Сирид 384 мянган хүн амиа алдсаны дотор 116 мянга нь энгийн номхон иргэд байна. Тус улсын 17 сая хүн амын 12 сая гаруй нь орон гэрээ орхин дүрвэжээ.


ЙЕМЕН


2011 оны 1 дүгээр сард дэгдсэн бослого Йеменийг 33 жилийн турш захирсан Али Абдалла Салехын дэглэмийг түлхэн унагааснаар засгийн эрхэнд дэд ерөнхийлөгч Мансур Хади гарчээ.

Эхэндээ улс төрийн үйл явцыг харвал, энхийг тогтоох найдвар төрж байв. Гэвч 2014 онд засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглаан дахин дэгдлээ. Иранаас дэмжлэг авдаг хуситууд үймээн дэгдээж, нийслэл Сана хотыг эзлэн авав. Үүнээс хойш 6 жил өнгөрсөн хэдий ч зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр. Хуситууд Сана хот болон хойд нутгийг хяналтандаа байлгаж байгаа бол тэдний эсрэг Саудын Арабаас тусламж авдаг суннитууд байлдаж байна. 


 Саяхан нутгийн өмнөд хэсэгт АНЭУ-аас албан бусаар тусламж авдаг "Шилжилтийн зөвлөл" хэмээх гуравдагч хүчин бий болжээ. Сөргөлдөөнд оролцогч талууд өөрсдөд нь таалагддаггүй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн ажилд саад учруулж, сэтгүүлчдийг айлган сүрдүүлсээр байна.


Персийн булангийн орнууд


“Арабын хавар” нь нефтийн вант улсуудын эрх ашгийг шууд хөндөөгүй боловч эдгээр улсууд хөшигний ард тодорхой үүрэгтэйгээр оролцсон. Харьцангуй тогтвортой байдал нь бүс нутаг дахь байр сууриа бэхжүүлэх, Арабын бусад оронд болж буй үйл явдалд нөлөөлөх боломжийг тухайн улсуудад олгожээ.


Хүчирхийлэл дэгдсэн цорын ганц тохиолдол бол 2016 оны эхээр Бахрейнд шиитүүд үймээн дэгдээснийг суннитуудын засгийн газар нухчин дарсан явдал юм. 


2011 оны нүргээнт үйл явдал нь Катарын телевизийн “Аль-Жазира” сувгийн үүрэг ролийг улам нэмэгдүүллээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эрх баригчдын хатуу хяналтандаа байдаг улс орнуудын ард иргэдийн хувьд “Аль-Жазира” бол араб хэл дээр мэдээлэл авах цорын ганц бие даасан эх сурвалж юм. Энэ нь Катарын нөлөөг бэхжүүлсний сацуу хөрш орнуудынх нь дургүйцлийг төрүүлэв. 


2017 оны 6 дугаар сард Саудын Араб, АНЭУ, Египет болон Бахрейн улс Катартай тогтоосон дипломат харилцаагаа тасалж, тус улсын эсрэг санхүү, худалдаа, тээврийн хориг арга хэмжээ авч, Катарын иргэдийг нутгаасаа хөөн гаргажээ.


Дээрх 4 улсын зүгээс жихадизмыг, тухайлбал, “Ах дүү мусульманчууд” байгууллагыг дэмжсэн, Ирантай хамтран ажилласан гэх үндэслэлээр Катар улсыг буруутгасан байна.


Б.Адъяахүү


Эх сурвалж: https://www.bbc.com/russian/features-55349275
 

 

Холбоотой мэдээ