Коронавирусний шинжилгээнд хамрагдах цаг, байршлыг урьдчилан мэдэгдэнэ

COVID-19
sodonizm@gmail.com
2020-12-04 10:55:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд халдвар голомтлон гарсан болон эрсдэл өндөртэй хороодын 70 мянга орчим өрхийн 1 гишүүнийг коронавирусний шинжилгээнд хамруулахаар болсон билээ. Монгол Улсын Засгийн Газрын хуралдааны шийдвэрийн дагуу хэрэгжүүлж буй уг ажиллагаа өнөөдрөөс эхэлж, энэ сарын 11 хүртэл үргэлжлэх юм.


Өрхийг сонгохдоо олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг, мөн бусад эрсдэлтэй байдлыг тооцон сонгож, шинжилгээнд хамрагдах нийт өрхийн 70 хувийг өвчлөл гарсан хороодоос, 30 хувийг эрсдэл ихтэй хорооноос тандалт хийх зорилгоор хамруулах юм байна.


Дүүргийн онцгой комиссоос хороо, дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран шинжилгээнд хамрагдах өрх, иргэнийг сонгох, цаг товлох, хариу илгээх ажлыг зохион байгуулах аж.  Шинжилгээнд хамрагдах иргэдийн цаг, байршлыг тухайн хороо, өрхийн эрүүл мэндийн төвөөс урьдчилан товлож мэдэгдэх юм байна.


Орон нутгийн иргэд болон сайн дурын шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд энэ хугацаанд шинжилгээ өгөх цэгүүдэд очиж бөөгнөрөл үүсгэхгүй байх, халдварын эрсдэлээс сэргийлэхийг Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас анхаарууллаа. 

Холбоотой мэдээ