Сайншанд, Өргөн, Эрдэнэ, Даланжаргал сумын төвийн хөл хориог цуцалж дэглэм бууруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-11-26 22:38:12

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Онцгой комиссын 11 дүгээр сарын 26-ны хуралдаанаар  тодорхой сумдад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон тэг зогсолт буюу  хатуу хөл хорионы дэглэмийг бууруулахаар болсон талаар мэдээллээ.

Гэхдээ эл шийдвэрийг 11 дүгээр сарын 27-ны 15.00 цагаас эхлэн хэрэгжүүлэхээр болсон байна. Үүнд Сайншанд, Өргөн, Эрдэнэ, Даланжаргал сумын төвийн тэг зогсолтыг цуцалж дэглэм бууруулах бол Айраг, Замын-Үүд сум болон Даланжаргалан сумын Олон овоо багт тэг зогсолт хэвээр үргэлжилнэ. Засгийн газрын 178 дугаар тогтоолын дагуу хязгаарлалтад хамаарахгүй 12 төрлийн үйл ажиллагааг дээрх сум сууринд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Мөн шаардлагатай худалдааны төвүүд, үйлчилгээний газрын үйл ажиллагааг тогтоосон дүрэм журам, цагийн хуваарийн дагуу ажиллахыг зөвшөөрөв. Үүнд  банкны үйлчилгээ, хүнсний хангалтын үйл ажиллагаа, зарим ахуйн хэрэглээний худалдаа, дугуй засвар, авто засвар, шатах тослох материалын худалдаа багтаж байна.

Худалдаа эрхлэгчид ариутгал халдваргүйтгэлийг сайтар мөрдөж үйлчлүүлэгчдийн хоорондын зайг баримтлан үйлчилгээ үзүүлнэ.

Үүнд МХГ болон холбогдох байгууллагууд үүрэг чиглэл өгч хяналт тавьж ажиллах юм. Мөн иргэд аймагтаа сумаас сум дамжин зорчих боломжтой бөгөөд зорчихдоо тухайн сумын багийн Ажлын албанаас зөвшөөрөл авч нэвтрэх юм.

Тухайн иргэн зөвшөөрөл авчихаад голомттой бүс нутаг руу нэвтрэх, өөр нутаг руу явсан тохиолдолд холбогдох хууль журмын дагуу хариуцлага хүлээлгэх аж. Хот хооронд  Улаанбаатар, Улаанбаатараас аймаг орон нутаг руу зорчих иргэд улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу тухайн газартаа PCR шинжилгээнд хамрагдаж байж зорчих боломжтой юм.

Өнөөдрийн байдлаар 2020 иргэн Улаанбаатар хотоос Дорноговь руу ирэхээр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлтээ илэрхийлсэн байна. Улсын Онцгой комиссоос шаардлагатай бэлтгэл  ажлыг хангасны дараа Дорноговь аймгийн иргэдийг 12 дугаар сарын 07-ноос эхлэн зорчих боломжийг хангана гэдгийг мэдээлсэн байна.

Худалдаа үйлчилгээний газрууд өглөөний 08.30-11.30, 13.30-17.30  цаг хүртэлх цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд хэрэглэгчдэд зориулсан ариутгах бодис болон халдвар хамгааллын бэлтгэлийг хангасан байх, өдрийн завсарлагын үеэр тухайн ажлын байрандаа ариутгал, халдваргүйтгэлийг хийх зэрэг үүрэг чиглэлийг хүлээсэн аж.

Харин Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын Онцгой комиссоос орон даяар хэрэгжүүлж байгаа бүх нийтийн бэлэн байдлын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. 

Арван нэгдүгээр сарын 26-ны байдлаар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд корона вирусний халдварын 14 тохиолдол, Айраг суманд дөрвөн тохиолдол тус тус гараад байна.

Холбоотой мэдээ