Ес эхлэх 12 дугаар сар

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2020-11-30 11:20:00

 Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас 12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан тойм мэдээллийг гаргажээ.


Баруун аймгуудын нутгаар: Алтайн ар говийн баруун өмнөд хэсгээр ОЖД (олон жилийн дундаж)-аас 1.5-2 хэм хүйтэн, бусад нутгаар ОЖД орчим байна. Харин цас, бороо (хур тунадас) Алтайн уулархаг  нутгаар ОЖД-аас ахиу, бусад нутгаар ОЖД орчим байна. Сарын 1 дүгээр 10 хоногийн эхэн болон 2 дугаар 10 хоногийн дундуур мөн 3 дугаар 10 хоногийн сүүлээр агаарын дулаан (температур) өмнөх үеэсээ 5-10 хэмээр хүйтэрнэ. 1 дүгээр 10 хоногийн эх, 2 дугаар 10 хоногийн дундуур ихэнх нутгаар цас орох төлөвтэй гэжээ. Харин салхи  ихэнх хугацаанд 4-8 м/с 1 дүгээр 10 хоногийн дунд,  хоёр дугаар 10 хоногийн эхээр зарим газраар 12-14м/с, Алтайн салбар уулсаар зарим үед 16-18 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй. 


Төвийн аймгуудын нутгаар: 12 дугаар сард агаарын дулаан ОЖД-ийн орчим байна. Цас (хур тунадас) Хангайн нуруу, Хөвсгөлийн уулсаар болон Хэнтийн нурууны зүүн талаар ОЖД-аас ахиу, бусад нутгаар ОЖД орчим байх аж. Харин 1 дүгээр 10 хоногийн эхэн, сүүлээр 3 дугаар 10 хоногийн сүүлээр агаарын дулаан өмнөх үеэсээ 5-10 хэмээр хүйтэрнэ. Гэхдээ  1 дүгээр 10 хоногийн эхэн үе 2 дугаар 10 хоногийн дундуур ихэнх нутгаар цас орно. Харин салхи  ихэнх хугацаанд 6-11 м/с 1 дүгээр 10 хоногийн дунд,  хоёр дугаар 10 хоногийн эхээр зарим газраар 16-18 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй аж. 


Зүүн аймгуудын нутгаар:  Энэ сард агаарын дулаан нийт нутгаар ОЖД орчим байна. Цас нийт нутгаар ОЖД-аас ахиу байх төлөвтэй аж.  Харин 1 дүгээр 10 хоногийн эхэн 2 дугаар 10 хоногийн эхэн болон сүүл, 3 дугаар 10 хоногийн сүүлээр агаарын дулаан өмнөх үеэсээ 5-10 хэм хүйтэрнэ. Мөн 1 дүгээр 10 хоногийн эхэн үе, 2 дугаар 10 хоногийн эхээр ихэнх нутгаар цас орно гэжээ. Харин салхи  ихэнх хугацаанд 7-12 м/с 2 дугаар 10 хоногийн эхээр зарим газраар 16-18 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй гэжээ. 


Говийн аймгуудын нутгаар: Нийт нутгаар агаарын дулаан ОЖД орчим байна. Харин цас нутгийн өмнөд хэсэгт ОЖД-аас ахиу, бусад нутгаар ОЖД орчим орох төлөвтэй байна. Агаар 2 дугаар 10 хоногийн эхэн болон сүүл 3 дугаар 10 хоногийн сүүлээр ихэнх нутгаар өмнөх үеэсээ 3-5 хэм сэрүүснэ. Мөн 2 дугаар 10 хоногийн эхэн болон сүүлийн өдрүүдэд бага зэргийн цас орно гэжээ. Харин салхи 1 дүгээр 10 хоногийн дунд,  хоёр дугаар 10 хоногийн эхээр зарим газраар 12-14м/с, Алтайн салбар уулсаар зарим үед 16-18 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй. Ихэнх хугацаанд салхи 5-10 м/с байдаг гэж  цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээнд онцолжээ. Харин салхи  ихэнх хугацаанд 5-10 м/с 1 дүээр 10 хоногийн дунд үе болон 2 дугаар 10 хоногийн эхээр зарим газраар 15-17 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байх аж. 


Монгол улсын нутаг дэвсгэрийг дээрх дөрвөн бүсэд хувааж цаг агаарын  урьдчилсан мэдээг олон нийтэд хүргэдэг.Тэгвэл:

Баруун аймгуудад: (Баян- Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)

Төвийн аймгуудад: (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв)

Зүүн  аймгуудад: (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)

Говь аймгуудад: (Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь) гэж тайлбарлажээ.  Цаг агаарын үзэгдлийг тухайн аймаг, бүс нутгийн 30 хувь нь хамрагдахаар байвал “зарим газаар” гэсэн нэршлийг хэрэглэнэ. Харин 70 хувь хүртэл хамрагдахаар байвал “ихэнх нутгаар”, түүнээс дээш хэмжээгээр хамрагдахаар байвал “нийт нутгаар” гэх нэр томьёог хэрэглэх жишээтэй.


Цаг агаарын мэдээнд заавал дурдагдаг ОЖД гэдэгт дэлхийн цаг уурын байгууллага өнөөдрийн байдлаар 1981-2010 оны хоорондох цаг уурын хэмжигдэхүүний дунджыг оруулдаг аж. Арван хоёрдугаар сарын агаарын температурын уур амьсгалын дундаж нь Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Увс, Баянхонгорын хойд хэсгээр -22..-30 хэм, Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд, Цэцэрлэг, Арвайхээр  орчмоор -8..-14 хэм, бусад нутгаар -16..-21 хэм байсан байна


Гэвч 1976-77, 1986, 2001, 2004, 2008, 2009, 2010, 2012 онд ихэнх нутгаар, 1991, 1993, 1996, 2002, 2007 онд нутгийн өмнөд хэсгээр, 1978, 2000 онд нутгийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 1-3 дахин их цас орсон бол 1973, 1975, 1981, 1983, 1997, 1998, 2005, 2006, 2014,2017 онд ихэнх нутгаар дунджаас харьцангуй бага цас оржээ.


Монголчууд өвлийн хүйтэн, цасан шуурга, хахир хатууг есөн ес 81 хоногт хувааж өнгө төрхийг тодорхойлдог уламжлалтай. Энэ уламжлалын дагуу 12 дугаар сарын 22-нд ес эхэлнэ.

Холбоотой мэдээ