172 иргэн утсаар холбогдож зөвлөгөө авчээ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-11-20 18:33:33
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Онцгой комиссын утсаар өнгөрсөн 24 цагийн хугацаанд 172 иргэн холбогдож, зөвлөгөө авсан ба өнөөдөр аймгийн хэмжээнд  73 цэгт 183 алба хаагч, 76 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байгаа ажээ.

Аймгийн Онцгой комиссоос өдөр бүр шуурхай мэдээлэл өгч байгаа ба өнөөдрийн шуурхай мэдээгээр үүсээд байгаа нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хүнсний нөөц, хангамжийн талаар мэдээллээ.

Хөрш зэргэлдээ Дорноговь, Говьсүмбэр аймагт коронавирусний халдвар илэрсэн нь Дундговь аймагт маш их эрсдэлтэй байдал үүсээд байгаа ба зүүн талын дөрвөн сумын иргэд Говьсүмбэр аймагтай байнгын харилцаатай, тэндээс худалдаа үйлчилгээ авдаг, аймгийн олон малчид дээрх аймгуудад отроор явж байгаа тул Цагаандэлгэр, Өндөршил, Баянжаргалан, Говь-Угтаал, мөн Гурвансайхан сумын хөдөлгөөнийг хориглосон байгааг аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга О.Бат-Эрдэнэ танилцуулсан.

Мөн Говьсүмбэр аймагт гарсан халдвартай иргэний ойрын хавьтал болох нэг иргэн Гурвансайхан суманд байсан учраас аймгийн Онцгой комиссоос баг гарч, дээрх иргэний байгаа газарт очиж хоёр хот айлын 16 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарчээ.  Мөн 10 хүний PCR шинжилгээг авч, ХӨСҮТ рүү явуулсан байна. 

Сайнцагаан суманд 57 ортой зургаан тусгаарлах байр бэлтгэж, Улаанбаатараас хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэн ирсэн жолооч нар, Улаанбаатараас ирсэн иргэдийг тусгаарлах арга хэмжээ авч байгаа ажээ. Тусгаарлах байрны үнэ ханшийн хувьд төрийн байгууллагууд дээр (МСҮТ, ХХҮГ-ын сувилал зэрэг) байрлах бол 35,0 мянга, зочид буудлуудад 50,0 мянган төгрөг байхаар зохицуулалт хийж байгаа аж. 

Холбоотой мэдээ