Орон нутгийн их, дээд сургуулийн төлөөлөгчид Дорноговь аймагт чууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-05-27 16:11:32

“Дээд боловсролын шинэчлэлд- Орон нутгийн дээд боловсролын сургалтын байгууллагуудын оролцоо” сэдэвт сургалт, эрдэм шинжилгээний ээлжит V хурал 5  сарын 26-28-нд АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь  салбар Анагаах Ухааны сургуульд болж байна.

БСШУЯ, Азийн хөгжлийн банк, “Дээд боловсролын шинэчлэл” төсөл болон АШУҮИС-ийн санхүүжилтээр зохион байгуулагдаж буй тус хуралдаанд Улаанбаатар хотоос магадлан итгэмжлэлийн Үндэсний Зөвлөл, Их дээд сургуулиудийн консерциум болон Орхон, Дархан-Уул, Архангай, Говь-Алтай, Ховд, Дорнод, Баян-Өлгий, Завхан, Дорноговь зэрэг аймгийн 12 сургуулийн 200 орчим төлөөлөгч оролцож буй. Эхний өдөр БСШУЯ, ДБШТ болон ДБШОУҮ-ний зөвлөх үйлчилгээний багаас  “Их сургуулийн засаглал” , “Санхүүгийн удирдлага”, “Сургалтын агуулга, технологийн шинэчлэл” гэсэн гурван хэсгээс бүрдсэн сургалтыг удирдаж явууллаа.

Мөн 27-28-нд  орон нутгийн их дээд сургуулиудын судлаач багш нар “Сургалтын үйл ажиллагаа -оролт”, “Сургалтын үйл ажиллагаа –чанарын хувиргалт”, “Сургалтын үйл ажиллагаа –гаралт” гэсэн салбар хуралдаанаар өөрсдийн илтгэлийг хэлэлцүүлэв.

Өмнөх жилүүдэд тус хурал нь зөвхөн эрдэм шинжилгээ, судалгааны ажлаар хязгаарлагдаж байсан бол энэ удаа “Дээд боловсролын шинэчлэл” төслийн сургалттай хамтатган зохион байгуулж буйгаараа онцлогтой аж. Хуралд оролцогсод орон нутаг дахь дээд боловсролын байгууллагууд өөрсдийн сургуулийн хөгжлийн чиг бодлогоо харилцан ярилцаж туршлага солилцон, орон нутгийн дээд боловсролын байгууллагууд төрөөс хэрхэн дэмжлэг авч ажиллах талаар дуу хоолойгоо нэгтгэдэг байна.

Тус хурлын хүндэт зочдоор АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар,  БСШУЯ-ны Дээд боловсролын хэлтсийн мэргэжилтэн Б.Батсайхан, Азийн Хөгжлийн банкны Монгол дахь төлөөлөгч С.Итгэл, “Дээд боловсролын шинэчлэл” төслийн зохицуулагч Т.Сувдмаа, ДБШОУЗҮ-ний багийн ахлагч Питер Хорн нар уригдаж оролцлоо.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ