Г.Сугарбат: Торгох шийтгэх бус, газар дээр нь зөрчлийг арилгахад анхаарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-14 12:36:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цар тахалтай холбоотой бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед МХЕГ торгох шийтгэх бус зөвлөн тусалж, анхааруулах, зөрчлийг газар дээр нь арилгахад анхаарч байгааг МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр онцлов.


Энэ үед МХЕГ-ын 2200 албан хаагч ажиллаж, хорио цээрийн дэглэм тогтоосон 771, цагийн хязгаар тогтоосон 3425 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. ХӨСҮТ, бусад эмнэлэгт давхар ачаалал үүсгэхгүйн тулд эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдалд дэмжлэгт хяналтыг 114 эмнэлэгт хийхэд 14 нь нөхцөл байдлаа хангаагүйд албан шаардлага, зөвлөмж хүргүүлжээ.


Мөн аймгийн удирдлагууд орон нутагтаа ариутгал халдваргүйтлийг онцгой анхаарч, дотоод нөөцөө тооцон, тодорхой төлөвлөгөөтэй ажиллахыг МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат анхаарууллаа.


Махны худалдаа эрхэлж байгаа захуудад иргэд бөөгнөж, халдвар хамгааллын дэглэм сахиулахад хүндрэлтэй байна. Өнөөдрөөс иргэдийн хүнсээ нөөцлөх нь харьцангуй багаслаа. Гол нь махны худалдаа эрхэлж байгаа захуудын дотоод хяналт, иргэдийн  халдвар хамгааллын дэглэм сахиулахад анхаарах хэрэгтэйг тэрбээр онцолсон юм.


Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж, ХӨСҮТ-ийн ус орох гарах хэсэг, бохирын ус хүлээн авах, лаг усжуулах байгууламжийн хэсгээс механик цэвэрлэгээ хийсний дараа дээж авч лабораториор шинжлэхэд стандартын бохирдол хэмжээнд гарсан.


МХЕГ иргэд олон нийтэд зөвлөмж, сэрэмжлүүлэг байнга хүргэж, 1671 аж ахуйн нэгж байгууллагад мэдэгдэл зөвлөмж өгч, хэрэгжилтийг нь эргэн хянаж байна. 

Холбоотой мэдээ