Афганистанд 85 босогчийг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-09-28 12:46:29

ЖАЛАЛАБАД. /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Нангархар мужид ням гарагт болсон мөргөлдөөний үеэр “Лалын улс” бүлэглэлийн 85 босогч болон цагдаагийн гурван ажилтан амиа алдсан байна.

Нангархар мужийн Ачин дүүрэг дэх Афганистаны аюулаас хамгаалах хүчний шалган нэвтрүүлэх хэд хэдэн цэг рүү “Лалын улс” бүлэглэлийн босогчид ням гарагийн өглөө халджээ.

Халдлагын үеэр Афганистаны хилийн цагдаагийн гурван ажилтан амиа алдаж, найман цагдаа шархадсан байна. Мөн мөргөлдөөний үеэр болон Пакистантай хил залгаа оршдог уг дүүрэгт агаараас цохилт өгөх үеэр “Лалын улс” бүлэглэлийн нийт 85 босогчийг устгажээ.

Мөргөлдөөний дараа голдуу гадаад дайчдаас бүрдэх босогчид шалган нэвтрүүлэх хоёр цэгийг эзлэн авсан боловч цагдаа нар эрчимтэй давшиж, ням гарагийн орой хяналтыг буцаан авсан байна.

“Лалын улс” бүлэглэлийн босогчид Нангархар мужид хяналтаа тогтоосноос хойш анх удаа Афганистаны аюулаас хамгаалах хүчинтэй мөргөлдсөн нь энэ юм.

Хэвлэлд мэдээлснээр, “Лалын улс” бүлэглэлийн босогчид Афганистан дахь “Талибан” бүлэглэлийн босогчидтой дайн зарлаж байгаагаа мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд