“Охид, хөвгүүдийн өдөрлөг” болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-05-23 22:03:25

Дархан-Уул аймаг дахь МСҮТ-өөс эрхлэн Дархан, Хонгор, Орхон, Шарын гол сумын ерөнхий боловролын сургуулиудын төлөөлөл 221 сурагчийг хамруулсан “Охидын өдөрлөг”, “Хөвгүүдийн өдөрлөг”-ийг ГОУХАН-ийн “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн дэмжлэгээр зохион байгуулж явууллаа.

ЕБС-ийн дунд болон ахлах ангийн охид, хөвгүүдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, техникийн чиглэлийн мэргэжлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч  тэдэнд ирээдүйн мэргэжлээ сонгох ур чадвараа тодорхойлоход нь дэм болж мэргэжлийн боловсролын салбар дахь мэргэжил эзэмших боломжуудыг танилцууллаа. Өдөрлөгт оролцогчид Монгол Улсын эрчим хүчний зөвлөх инженер н.Дэмбэрэлмаа, “Монгол Алтан тос” ХХК-ний ерөнхий технологич н.Түвшинбаяр, “Дархан Хүнс” ХК-ийн захирал А.Тунгалаг нартай уулзалт хийв. Мөн МСҮТ-ийн Нийгмийн түншлэл ажил мэргэжлийн чиг баримжаа хариуцсан ажилтан Ц.Ганчимэг “Мэргэжил сонголт-Алсын хараа” сэдвээр ажил мэргэжлийн зөвлөгөө өглөө.

Хөтөлбөрийн дагуу Цахилгааны мэргэжлийн багш С.Амгалан энгийн цахилгаан хэлхээ угсруулан, ширээний гэрэл, Гагнуурын мэргэжлийн багш А.Ням-Очир цэгэн гагнуураар төмөр хүн, сарнай цэцэг, хувцасны өлгүүр хийх тухай, Засал чимэглэлийн мэргэжлийн багш Р.Тунгалагтамир мозайкан чимэглэл, будгийн уран сайхны аргаас зааж ханын чимэглэл хийх арга, Сантехникийн мэргэжлийн багш Д.Төмөрхуяг, Ж.Чимэгнэргүй нар сантехникийн хоолойгоор хананд бэхлэх номын тавиур, Салхивч агааржуулалтын мэргэжлийн багш А.Ганбилэгт нимгэн төмрөөр геометрийн биет, хогийн хутгуур, Токарийн мэргэжлийн багш Ж.Эрдэнэ-Очир шатрын дүрс зорж үзүүлснээс гадна оролцогчдоор медаль хийлгэсэн нь сонирхлыг нь ихэд татлаа.

                                                                                                                                                     Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ